in

Муур, нохой нялх хүүхдээс ухаантай юу?

Амьтад болон хүний оюун ухааны зарим талыг харьцуулах боломжтой байдаг ч судлаач бүр үүнийг таашаадаггүй.

Муур, нохой нялх хүүхдээс ухаантай юу?

Бусад амьтадтай харьцуулахад нялх хүүхдүүд маш их зүйл сурах шаардлагатай байдаг. Зарим амьтад төрөөд хэдхэн цагийн дараа явж эхэлдэг байхад хүүхдүүд хамгийн энгийн үйлдлүүдийг ч сурч эзэмшихэд хэдэн сар, жилүүд зарцуулдаг. Хэрвээ танд хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан нэгэн зэрэг байсан бол аль нь ухаантай болохыг гайхаж байсан байх.

Тэгвэл шинжлэх ухаан хүний хүүхдийн оюун ухааныг бидний өхөөрдөм тэжээвэр амьтдынхтай харьцуулахдаа юу гэж дүгнэдэг вэ? Энэ бол маш нарийн асуулт бөгөөд хариулт нь оюун ухааны ямар хэмжээс, амьтан, хүнийг судалж байгаагаас хамаарна.

Нохойн оюун ухаан хүүхдийнхтэй харьцуулахад ямар байдаг вэ?

Британийн Колумбын Их Сургуулийн сэтгэл зүйн хүндэт профессор Стэнли Корен нохойн оюун ухааныг олон жил судалсан байна. Тэрбээр нохдын танин мэдэхүйн чадварыг үнэлэхийн тулд “Сэтгэцийн нас” хэмээх сэтгэл зүйн хэмжүүрийг дасан зохицуулан ашигласан.

Нохой болон хүний оюун ухааныг яг нарийн харьцуулах боломжгүй ч Корен нохдод зарим нэг танин мэдэхүйн чадвар, тухайлбал үгийн сан болон тоолох чадвар, залуу балчир хүүхдүүдтэй ойролцоо байж болохыг хэлжээ. Жишээлбэл, дундаж нохой ойролцоогоор 165 орчим үг болон дохионуудыг ойлгодог. Онцгой тохиолдолд зарим нохой энэ хэмжээнээс ихийг сурдаг. Тухайлбал, тэтгэвэрт гарсан сэтгэл зүйн профессороор бэлтгэгдсэн Чейсер нэртэй бордер колли 1000 гаруй үг ойлгодог гэж мэдээлэгдсэн байна.

Ихэнх нохой гурав хүртэл тоолж чаддаг. Хэрвээ нохой тоолж чадна гэдэг санаа танд итгэмээргүй санагдаж байвал дараах зүйлийг туршаад үзээрэй: Нохойдоо гурван амттан харуулаад, бүгдийг нь гаранд нууж, хоёрхон амттан өгөөрэй. Ихэнх нохой нэг амттан дутуу байгааг мэдэрч, үлдсэн амттанаа олох гэж таны гарыг түлхэж үздэг. Лабораторийн туршилтаар, нохой дэлгэц дээрх цэгүүдийн тоо өөрчлөгдөхийг харах үед, хүнийхтэй төстэй байдлаар тархины идэвхжлээ харуулдаг. Энэ нь тэд тоо нэмэгдэх эсвэл хорогдохыг таньдаг болохыг илтгэдэг.

Корен мөн тусгайлан сургагдсан анч ноход тав болон түүнээс олон зүйлийг ан хийх явцад дарааллын дагуу хянаж чаддаг болохыг нэмж хэлжээ. Тиймээс нохой “нэг, хоёр, гурав” гэж хэлж чадахгүй ч эдгээр үйлдлүүд нь тэд үндсэн тооллын ойлголттой гэдгийг харуулдаг. Үүний эсрэгээр, 14 болон 18 сартай хүний хүүхдүүд хоёр болон дөрвөн объектыг ялгах чадвартай байдаг нь судалгаагаар тогтоогдсон.

Ийм төрлийн танин мэдэхүйн үйл ажиллагааг шинжилснээр нохдын “Сэтгэцийн нас”-ыг хүний хэмжүүрээр тооцох боломжтой гэж Корен тайлбарлажээ. “Дундаж нохойны сэтгэцийн нас нь 2.5 настай хүүхдийнхтэй ойролцоо байдаг” хэмээн тэрээр Live Science сайтад ярьжээ. Энэ нь үгийн сан, тоолох, сэтгэл хөдлөлийн ойлголт зэрэг тодорхой танин мэдэхүйн ур чадваруудын хувьд хамаатай. Өөр өөр нохдын хувьд энэ тоо 2-оос 3 насны хооронд хэлбэлздэг гэж тэр нэмж дурдсан.

Энэхүү “Сэтгэцийн нас”-ыг ойлгох нь нохойны чадварыг зөв үнэлж, хүлээлтээ тохируулахад тусалдаг гэж мөн хэлсэн юм. Жишээлбэл, хоёр настай хүүхдүүд хараахан гэмшил гэх мэт нарийн сэтгэл хөдлөлийг ойлгож, мэдэрч чаддаггүйтэй адил нохой ч тийм чадваргүй. Тэдний “Ичингүйрэх” мэт харагдах зан авир нь үнэндээ шийтгэлээс айж буй хэрэг гэж Корен тайлбарлажээ.

Мөн нохдын оюун ухаан үүлдэр, туршлага, сургалтаас ихээхэн хамаардаг гэдгийг тэмдэглэх нь чухал. Жишээлбэл, бордер колли болон пудель үүлдэртэй ноход Чихуахуа болон бульдогтой харьцуулахад илүү ухаалаг байх хандлагатай. Гэхдээ эдгээр тестүүд нь үүлдэр бүрийн өвөрмөц, төрөлхийн ур чадварыг (тухайлбал, мал хариулах эсвэл үнэр илрүүлэх) харгалзан үздэггүй. Эдгээр чадварууд нь өөрсдийн гэсэн оюун ухааны хэлбэр боловч хүний танин мэдэхүйтэй харьцуулахад хэцүү байдаг.

“Нохой бол дөрвөн хөлтэй, үслэг хувцастай хүмүүс биш” гэж тэрээр онцолжээ.

Муурны ухаан хүүхдийнхтэй харьцуулахад ямар вэ?

Гэрийн тэжээвэр муурны оюун ухааны талаарх судалгаа хомс байдаг ч зарим судалгаанууд муурны танин мэдэхүйн чадварыг судалсан байдаг. “Бид муурны оюун ухааныг сорихын оронд асуудал шийдвэрлэх, зан үйлийн уян хатан байдал гэх мэт зүйлсийг үнэлж болох юм” гэж Мичиганы Оакландын Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Женнифер Вонк Live Science-д цахим захидлаар бичжээ.

Муурны оюун ухааны анхдагч судалгааг Эдвард Торндайк 1898 онд явуулсан бөгөөд муурнууд хаалга татаж онгойлгож өөрсдийгөө хайрцагнаас суллах чадварыг нь судалжээ. Анх муурнууд хаалгыг зөвхөн туршилт, алдааны аргаар нээж чадсан ч давтамж нэмэгдэх тусам хайрцагнаас гарах хугацаа багасч байсныг Торндайк ажигласан байна. Энэ нь муурнууд суралцах чадвартайг харуулжээ. Үүний дараахан шагнал болгон өгдөг амттан ашигласан судалгаагаар муурнууд хайрцагны бүтэц өөрчлөгдөх үед шинэ шийдлүүдийг сурч чаддаг болохыг тогтоосон бөгөөд энэ нь муурнууд шинэ нөхцөлд уян хатан дасан зохицох чадвартайг баталсан гэж Вонк хэлжээ. Харин хүний хүүхдийг хайрцганд хийх нь ёс зүйд нийцэхгүй тул ийм төрлийн туршилт хийх боломжгүй ч хүүхдүүд 16 сартайгаасаа эхлэн өөрсдөө орноосоо гарах чадвартай болдог.

Бусад судалгаанууд муурны ой санамжийг үнэлсэн нь танин мэдэхүйн чухал нэг хэмжээс юм. Жишээлбэл, муурнууд ганцхан удаагийн ой санамж дээр тулгуурлан хоолоо стратегийн дагуу хайж чаддаг болохыг тогтоосон. Мөн судалгаагаар муурнууд “Объектын байнгын оршин тогтнол” буюу ямар нэгэн объект харагдахгүй болсон ч оршин байгаа гэдгийг ойлгох чадвартайг харуулжээ. Хүний хүүхдүүд уг ойлголтыг ихэвчлэн 4-10 сартайдаа сурдаг. Сүүлийн үеийн нэгэн судалгаа муурнууд үг болон зургийг холбож ойлгох чадвар нь бага насны хүүхдүүдийнхээс ч илүү байж болохыг илрүүлсэн байна.

Гэсэн хэдий ч муурны оюун ухааны зарим талыг дээрх туршилтуудаар хэмжих боломжтой хэдий ч Вонк муурны ухааныг хүний хөгжлийн түвшнээр харьцуулах нь тохиромжгүй гэж үздэг. “Амьтдын чадварыг хүний хүүхдийнхтэй харьцуулах нь зохимжгүй. Учир нь бусад амьтад бол зүгээр л хөгжлөөр хоцорсон хүмүүс биш” гэж тэр хэлжээ. “Тэд өөр экологи, өөр орчинд амьдардаг тул янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан хувьсаж ирсэн.”

Эдгээр хувьслын өөр өөр шахалт нь муурыг ан хийх, үнэр ялгах зэрэг чадвартай болгосон. “Тэд магадгүй ихэнх хүнээс хамаагүй илүү үр дүнтэй анчид” гэж Вонк хэлжээ.

Эцсийн дүнд, муурны эдгээр өвөрмөц дасан зохицол нь тэднийг хүний адил оюун ухааны шалгуур дээр амжилттай байхыг шаарддаггүй. Түүхийн туршид, хүний амьд үлдэхэд багаж хэрэгсэл бүтээх, хэлний хөгжил чухал үүрэгтэй байсан бол бусад амьтдад ижил төрлийн хувьслын дарамт байсангүй. Жишээлбэл, муурнууд ан хийхдээ үнэрлэх мэдрэхүй, биеийн уялдаа холбоондоо тулгуурладаг бол харилцах эсвэл багаж хэрэгсэл бүтээх шаардлагагүй байдаг. Тиймээс Вонк муур болон хүүхдийг харьцуулах нь зүйд нийцэхгүй гэж үздэг.

“Амьтдыг хүний хөгжлийн тодорхой шаттай адилтган бодох нь боломжгүй” гэж Вонк хэлжээ. “Энэ бол би аль болох хийхгүй байхыг хичээдэг харьцуулалт. Бид муурнуудын хувьд ямар чадварууд утга учиртай болохыг бодож, тэд юун дээр сайн ажилладгийг ойлгож, хүнийхтэй харьцуулах тухайд санаа зовох хэрэггүй.”

livescience.com

What do you think?

Leave a Reply

Ромын эзэнт гүрэн галт уулын дэлбэрэлтийн дараа өсөлт дэвшилд хүрсэн гэж судалгаанд дурджээ

Ромын эзэнт гүрэн галт уулын дэлбэрэлтийн дараа өсөлт дэвшилд хүрсэн гэж судалгаанд дурджээ

Менежер: “Ямар ч улс төр хэрэггүй” Алекс Перейрагийн дараагийн бүсний хамгаалалт Магомед Анкалаевтай хийнэ

Менежер: “Ямар ч улс төр хэрэггүй” Алекс Перейрагийн дараагийн бүсний хамгаалалт Магомед Анкалаевтай хийнэ