Сүүлийн үед YouTube-ийг анхааралтай ажигласан бол “Нүүргүй YouTube суваг” нэртэй чиг хандлага улам бүр нэмэгдэж байгааг анзаарсан байх. Эдгээр сувгуудын заримыг камерын өмнө гарах дургүй хүмүүс ажиллуулдаг бол олонх нь AI-ийн тусламжтайгаар бүрэн автоматчилагдсан байдаг. AI нь зохиол, дуу хоолой, дүрслэл, хөгжим гээд бүх зүйлийг бэлтгэдэг тул контент бүтээгчид YouTube-ийн алгоритмаас хурдан, хялбар мөнгө олох арга гэж үүнийг сурталчилдаг.
Гэтэл жинхэнэ YouTube бүтээгчид өөрсдийн оруулсан хадмал файлуудыг AI ашиглан хулгайлж, хураангуйлан, хуулбар контент үйлдвэрлэж буй “Нүүргүй” сувгууд олширч байгаад гомдоллож байна. Харин нэг YouTuber үүнийг зүгээр хараад суухгүйгээр, хортой өгөгдөл суурилуулж, хүний нүдэнд үл үзэгдэх боловч AI-д хор учруулах аргыг ашиглаж эхэлжээ.
.ass форматын хүч
Ховор технологийн талаар гүнзгий судалгаа хийдэг YouTuber F4mi өөрийн контентыг хулгайлж буй AI-үүдийг “хордуулах” талаар саяхан ярьжээ. Түүний гол арга нь Advanced SubStation Alpha (ASS) гэх фэн хадмал орчуулгын програмын нэг хэсэг болох .ass хадмал файлын форматыг ашиглах явдал юм.
Энэхүү формат нь энгийн хадмал файлуудаас ялгаатай нь фонт, өнгө, байрлал, тод, налуу, доогуур зураас гэх мэт олон нарийн тохиргоог дэмждэг. Энэ нь AI-үүдийн хувьд тун төвөгтэй болдог бөгөөд F4mi үүнийг ашиглан контентоо AI хуулбарлахаас хамгаалах арга хэмжээ авч байна.
F4mi нь энэхүү дэвшилтэт боломжуудыг ашиглан YouTube-ийн хадмал орчуулгадаа AI-д ойлгомжгүй хог мэдээллийг нуух боломжтой болжээ. Энэ нь хүний хувьд хадмал орчуулгын туршлагад ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Тэрбээр хадмал файлын жинхэнэ текст бүрийн хажуугаар “.ass форматын байрлалын тохиргоог ашиглан хүрээнээс гадуур байршуулсан, хэмжээ болон тунгалаг байдлыг нь тэг болгож, бүрэн үл үзэгдэх болгосон хоёр хэсэг нэмэлт текст” оруулжээ.
Эдгээр “үл үзэгдэх” хадмал хайрцгуудад F4mi нь нийтийн өмчийн бүтээлүүдээс хуулсан (илрүүлэхээс зайлсхийхийн тулд зарим үгийг ойролцоо утгатай үгээр сольсон) текст эсвэл өөрийн LLM-ээр бүтээсэн, зохиомол баримтуудаар дүүрсэн зохиолуудаа байрлуулсан байна. Ингэснээр түүний хадмал файлыг AI хураангуйлагч сайтуудад оруулах үед жинхэнэ контентыг даван гарахуйц хэмжээний хог мэдээлэл нэмэгдэж, эх сурвалжийг хуулбарлах гэсэн “нүүргүй” сувгуудын хувьд ямар ч ашиггүй, утгагүй текст үүсгэдэг болжээ.
Гэхдээ F4mi-ийн туршилт бүрэн төгс байсангүй. ChatGPT 4o зэрэг дэвшилтэт загварууд зарим тохиолдолд хог мэдээллийг шүүж, видеоны үнэн зөв хураангуйг гаргах чадвартай байв. Гэхдээ бага зэрэг нэмэлт скрипт ашиглан .ass файлыг тус бүр нь өөр өөр цагийн тэмдэглэгээтэй ганц нэг үсгүүдэд хуваах боломжтой бөгөөд файлын дотор үсгүүдийн дарааллыг замбараагүй болговч эцсийн видеонд зөв харагддаг байна. Энэ нь бүр өндөр түвшний AI загваруудыг ч будилуулах, бүрэн тайлж уншихад төвөгтэй болгох арга юм.
Тэмцэл үргэлжилсээр…
YouTube нь .ass форматыг шууд дэмждэггүй ч үүнийг YouTube-ийн .ytt формат руу хөрвүүлэх хэрэгслүүд байдаг. Харамсалтай нь, мобайл хувилбар дээр эдгээр хадмал орчуулгууд зөв харуулагдахгүй бөгөөд байршуулсан .ass хадмалууд хар хайрцаг хэлбэрээр видеоны хэсгийг хааж харагдах асуудалтай тулгардаг.
F4mi энэ асуудлыг шийдэхийн тулд Python скрипт бичиж, хог текстээ хар дэвсгэр дээр хар өнгөтэй болгон нуух аргыг ашиглажээ. Ингэснээр сцена хар өнгөөр бүдгэрэх үед дэлгэцийг бүхэлд нь дүүргэж, үзэгчдэд харагдахгүйгээр ажиллах боломжтой болсон байна. Гэвч түүний бичлэгийн тайлбарт зарим хэрэглэгчид “хадмал текст хэт их ачаалалтай байснаас болж утас нь гацсан” хэмээн гомдолложээ. Энэ нь ийм төрлийн арга ашиглахад тодорхой хэмжээний системийн ачаалал үүсгэдгийг харуулж байна.
F4mi мөн энэ арга нь төгс хамгаалалт биш гэдгийг онцолжээ. Нэг талаас, OpenAI-ийн Whisper зэрэг дуу авиаг шууд сонсож бичвэр болгон хувиргах AI хэрэгслүүд хадмал файлын шаардлагагүйгээр ашигтай транскрипц үүсгэх боломжтой. Мөн AI-д суурилсан дэлгэц уншигч програмууд хүн уншиж болох хадмал орчуулгыг видеоноос төвөггүй гаргаж чадна.
Гэсэн хэдий ч, F4mi-ийн энэхүү жижиг алхам нь олон нийтийн интернетээс AI-д хэтэрхий их өгөгдөл соруулахыг эсэргүүцэх өргөн хүрээний хөдөлгөөний нэг хэсэг болж байна. YouTube-ийн контент бүтээгчид ийм төрлийн AI хураангуйлагчдаас контентоо хамгаалахын тулд улам олон арга зам сэдэж буй бөгөөд энэ тэмцэл үргэлжлэх нь дамжиггүй.
arstechnica.com