in

Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нас баралт огцом өсөж байна

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд согтууруулах ундааны хэрэглээ ойртож буй энэ үед эмэгтэйчүүдийн архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй эрүүл мэндийн хүндрэлүүд нэмэгдсээр байна. Дархлааны системийн доголдол, хөхний хорт хавдар зэрэг олон асуудал архинаас үүдэлтэй бөгөөд архи эмэгтэй хүний бие махбодод хэрхэн сөргөөр нөлөөлдгийг доор тайлбарлая.

Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нас баралт огцом өсөж байна

Жасмин Шарбонье анх оюутан байхдаа архи ууж эхэлжээ. 30 гаруй настайдаа тэрээр долоо хоногийн хэд хэдэн өдөрт найман хундага текила уудаг байв. Харин хэдэн жилийн өмнө архинаас гарахыг оролдсон ч гэнэт таталт өгч, хүнд зовиур мэдрэгдсэн нь түүнийг ихэд цочирдуулжээ.

Судалгаагаар архинаас шалтгаалсан өвчнөөр нас барах нь эрчүүдийн дунд одоо ч өндөр хэвээр байгаа ч энэ зөрүү багасч байна. 2024 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн нас баралт 35 хувиар өссөн бол эрчүүдийнх 27 хувиар нэмэгджээ.

Энэ өсөлтийн шалтгаан нь харьцангуй “тэгш” хэрэглээтэй холбоотой. Эмэгтэйчүүд одоо эрчүүдийнхтэй ижил түвшинд архи ууж байгаа. АНУ-ын засгийн газрын сүүлийн судалгаагаар сүүлийн нэг сарын хугацаанд эрчүүдийн 50 хувь, эмэгтэйчүүдийн 45 хувь нь архи хэрэглэсэн байна. Тэр дундаа 30-40 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ ч илүү архи уух хандлагатай болжээ.

Хэтрүүлэн уух үзүүлэлт ч мөн адил эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд ойртож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд архинд донтох эмгэг хоёр хүйсийн дунд буурсан ч энэ бууралт эрчүүдийн дунд илүү хүчтэй ажиглагдсан байна.

Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ нэмэгдсээр

Маяамигийн Их сургуулийн сэтгэцийн донтох эмгэг судлалын эмч Дхрути Пателын хэлснээр, хатуу хар тамхиас ялгаатай нь архийг эмэгтэйчүүд стресс тайлах, ичимхий зангаа дарах “аюулгүй” хэрэгсэл гэж үзэх нь элбэг. “Архи хууль ёсны, хаа сайгүй худалдаалагддаг, нийгэмд тийм ч их эсэргүүцдэггүй учраас эмэгтэйчүүд санаа зоволгүй уудаг” гэж хэлжээ.

Шарбонье ч үүнийг баталж байна. “Би амралтаар аялж байхдаа өглөө 8 цагт мимоз ууж байдаг найз байсан” хэмээн Тампа хотын 37 настай контент маркетер, энтрепренер, блог хөтлөгч бүсгүй хэлжээ. Архидалт шөнийн амьдрал, аяллыг илүү хөгжилтэй болгож, түүнд шинэ хүмүүстэй танилцах, чөлөөтэй бүжиглэх боломж олгож байв. 2023 онд тэр жингээ хасахын тулд түр зуур архи уухаа больсон ч таталт өгөх, айдас нэмэгдэх, гар чичрэх зэрэг шинжүүд илэрсэн нь түүнийг цочроожээ. “Би бүр гайхсан. Би архинд донтох хүртлээ ууж байснаа ойлгоогүй байсан” гэжээ.

Архи хэрэглэдэг эмэгтэйчүүд арьс өнгө, нийгмийн давхарга, амьдралын хэв маягаас үл хамааран нийтлэг нэмэгдэж байна. Цагаан арьст эмэгтэйчүүд архи хамгийн их хэрэглэдэг ч залуу, дунд насны хар арьст эмэгтэйчүүдийн дунд архидалт өсөж байгаа аж. Мөн АНУ-д ирж, энэхүү “согтууруулах соёл”-д автсан латин эмэгтэйчүүдийн архидалт нэмэгджээ. Үүнээс гадна хүүхэд төрүүлэх насыг хойшлуулж буй залуу эмэгтэйчүүд хэтрүүлэн уух магадлалтай байдаг байна.

Биеийн бүтэц өөр учраас нөлөө нь илүү хүчтэй

“Mommy juice” буюу “ээжийн дарс,” “liquid courage” гэх мэт хөгжилтэй нэршлүүд бодит аюулыг дарж буй хэрэг юм. Хэдхэн жилийн өмнө Дэлхийн Зүрхний Холбоо өдөр бүр уух нэг хундага улаан дарс эрүүл мэндэд тустай гэсэн ойлголтыг няцааж, ямар ч хэмжээний архи зүрхний өвчин, цус харвалт, судасны цүлхэн үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг хэмээн анхааруулсан. 2023 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ч мөн адил “эрүүл мэндэд аюулгүй архины хэрэглээ гэж байхгүй” гэсэн мэдэгдэл гаргасан.

Эрчүүдтэй адил хэмжээний архи уусан ч эмэгтэйчүүдийн биед үзүүлэх сөрөг нөлөө илүү хүчтэй илэрдэг. Судалгаагаар ижил генетиктэй эр, эм хүмүүсийг харьцуулахад эмэгтэйчүүдийн реакц удааширч, хөдөлгөөний зохицуулалт мууддаг нь тогтоогдсон.

Энэ ялгааг шинжээчид эмэгтэй хүний биеийн бүтэцтэй холбон тайлбарладаг. Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад өөхөн эд ихтэй, ус багатай байдаг тул цусан дахь спиртийн агууламж илүү өндөр, удаан хадгалагддаг. Мөн архийг задалдаг фермент эмэгтэйчүүдэд цөөн байдаг. Дээрээс нь дааврын хэлбэлзэл нь спиртийн задралд нөлөөлдөг гэж үздэг.

Түүнчлэн эмэгтэйчүүд бага хэмжээний архи ууснаар ч олон төрлийн өвчинд өртдөг. Жишээлбэл, өдөрт хоёр хундага уухад л нас баралтын эрсдэл нэмэгддэг бол эрчүүдийн хувьд энэ түвшин гурав ба түүнээс дээш хундага уусны дараа л ажиглагддаг байна.

Архитай холбоотой нас баралт

АНУ-д архинаас шалтгаалсан нас баралт 2007 он хүртэл тогтвортой байсан ч түүнээс хойш жил бүр өссөөр иржээ. 2018 оноос эхлэн энэ тоо огцом нэмэгдсэн бөгөөд эмэгтэйчүүдийн нас баралт жил бүр 15 хувиар өссөн бол эрчүүдийнх 12.5 хувиар нэмэгджээ.

Хофстрагийн Их сургуулийн хүн амын эрүүл мэндийн профессор Ибрахим Карае “Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүдийн архидалтын түвшин эрчүүдтэй тэнцэх болж, эрүүл мэндийн хүндрэлүүд нь нэмэгдэж байгаа тул энэ өсөлт гайхмаар зүйл биш” хэмээн тайлбарлажээ. Мөн энэ өсөлтийн нэг хэсгийг нэгэн зэрэг олон төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг хүн амын дунд өрнөж буй “опиоидын хямрал”-тай холбоотой гэж тэр нэмж хэлсэн.

Архи уусны улмаас зүрх, элэг гэнэт ажиллагаагүй болох, осол, живэлт зэргээс үүдэн гэнэт нас барах тохиолдол байхад, ихэнх нас баралт нь олон жилийн турш хэрэглэсний уршгаар аажмаар үүсдэг байна. Элэг, нойр булчирхай, зүрхэнд үзүүлэх нөлөө үүнд хамаарна.

Архи нь мөн хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд өдөрт нэг хундага уухад л 9 хувиар өсдөг. Нэг нэгээр нэмэгдэх бүр эрсдэл улам нэмэгддэг. Түүнчлэн дархлаа тогтолцоонд нөлөөлж, халдвар авах магадлалыг ихэсгэх ба шарх эдгэх хугацааг уртасгадаг. Үргүйдэл, эрт цэвэрших ч мөн архитай холбоотой. Түүнчлэн жирэмсэн үед архи хэрэглэх нь ургийн өсөлт, сэтгэц, зан үйлийн олон асуудалд хүргэдэг.

Орлуулах хувилбарууд

АНУ-д 29 сая хүн архинд донтох эмгэгтэй гэж тооцоологдож байгаа ч эмэгтэйчүүд тусламж хүсэх нь эрчүүдээс бага байдаг. Жил бүр эрчүүдийн 7 хувь, эмэгтэйчүүдийн 4 хувь л албан ёсоор оношлуулдаг.

Үүний шалтгаан нь эмэгтэйчүүд өөрсдийн хэрэглээний хэмжээг бүрэн ухамсарладаггүйтэй холбоотой гэж Пател тайлбарлажээ. Жишээлбэл, дарсны нэг стандарт порц нь 150 мл ч өнөөгийн их багтаамжтай аягануудад 300 мл-ээс их ордог. Хоёр хүн оройн хоолны үеэр нэг л шил дарс уусан гэж бодсон ч хүн бүр 2.5 порц уусан гэсэн үг.

АНУ-ын эрүүл мэндийн удирдамжид эмэгтэйчүүдийг өдөрт нэг, эрчүүдийг хоёр порцноос хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн байдаг. Харин Пателын үзэж буйгаар эрүүл мэндийн талаас нь харвал “аль болох бага бүр байхгүй бол бүр сайн.”

Архины хэрэглээг багасгахын тулд эхлээд нийгмийн нөхцөлд архийг орлуулах хэрэгтэй. Шарбонье одоо найзууд нь текила ууж байхад усны шот уудаг. Оройн хоолны үеэр, эсвэл “happy hour”-т хийжүүлсэн ус, ундаа, эсвэл архигүй коктейль (mocktail) захиалах нь “гар хоосон” байхгүй байх энгийн арга юм. Мөн архинаас гарч байгаагаа ойр дотныхондоо хэлэх нь тустай гэж Пател зөвлөж байна.

Хэрэв хүн архийг тогтмол стресс тайлах зорилгоор хэрэглэдэг, эсвэл ядарч сульдах, бодол саруул бус байх зэрэг шинжүүд байнга илэрдэг бол эмчтэйгээ ярилцах шаардлагатай. Эмч, сэтгэл зүйчид хандах, эсвэл Alcoholics Anonymous зэрэг дэмжих бүлэгт элсэхийг санал болгодог.

Зарим тохиолдолд донгоо дарах эмчилгээ шаардлагатай байдаг. Үүнд налтрексон, дисульфирам, акампросат зэрэг эмүүд багтдаг ч эдгээр эмийн олонхи нь голчлон эрэгтэйчүүдэд судлагдсан тул эмэгтэйчүүдэд үзүүлэх үр дүн тодорхойгүй хэвээр байна.

Сүүлийн үед шинэ эмчилгээ ч туршигдаж байна. “Magic mushroom” хэмээн нэрлэгддэг псилоцибин хэмээх сэтгэц идэвхт бодисыг сэтгэл заслын эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд архины хэрэглээг мэдэгдэхүйц бууруулсан. Мөн тураах зориулалттай семаглутид (Wegovy) эм архи уух хүслийг бууруулдаг талаар урьдчилсан судалгааны дүн гарчээ.

Шарбонье өөрөө архийг хаяж чадсан бөгөөд сэтгэл санаа болон бие махбодын хувьд эрүүл болсон нь түүнийг улам урамшуулжээ. Одоо тэр нойргүйдлээс салж, гүн нойртой, тайван шөнүүдийг өнгөрүүлдэг болсон. Арьс нь цэвэрхэн, сэтгэл хөдлөл тогтвортой, ажлын амжилт нь нэмэгдсэн. Энэ бүгдийг тэр архи уухаа больсонтой холбон тайлбарладаг. “Архи миний бүтээлч чадварыг дарж, өөртөө итгэх итгэлийг минь мохоодог байсан” гэж тэр хэлжээ.

Харин архинаас хол байснаар тэр зөвхөн өөрийгөө сайжруулаад зогсохгүй, амьдралаа ч аварч байж мэдэх юм. Судалгаанууд ч энэ дүгнэлтийг баталсаар байна.

nationalgeographic.com

What do you think?

Роналдугийн хүү Португалын U15-д анхны тоглолтоо хийж, эцгийнхээ бахархлыг төрүүлэв

Роналдугийн хүү Португалын U15-д анхны тоглолтоо хийж, эцгийнхээ бахархлыг төрүүлэв