Папуа Шинэ Гвинейн зүүн өмнөд эргийн ойролцоох жижиг арал дээр гялалзсан, бүтнээрээ хар өнгөтэй, ойролцоогоор 120 см урт модон могой илэрч, биологичдын сонирхлыг ихэд татжээ. Энэхүү ер бусын шинж чанаруудтай могойг Dendrelaphis atra хэмээн нэрлэж, шинэ зүйл болохыг албан ёсоор баталсан байна.
Энэ төрөл зүйлийг Мичиганы их сургуулийн судлаач Фред Краус анх илрүүлж, Милн Бэй мужийн арал дээрх хэвлээр явагчдыг судлах өргөн хүрээтэй төслийнхөө хүрээнд тодорхойлжээ. Тэрбээр “Милн Бэй мужийн томоохон арлуудын Dendrelaphis төрлийн могойн ангиллын байдлыг дахин шалгаж, шинэ зүйл болох нь тогтоогдсон” хэмээн тайлбарласан байна.
Энэ могойг онцгой болгох нэг шинж нь нас ахих тусам өнгө нь улам бүр хар болж, бараг жигд хар өнгөтэй болдог аж. Судлаачид үүнийг онтогенетик меланизаци буюу нас ахих тусам биеийн өнгө гүн болж өөрчлөгддөг үзэгдэлтэй холбон тайлбарлажээ. Харин залуу хувь нь бүдэг бордуу, сааралдуу өнгөтэй байх нь ялгааг тодотгож байв.
Хамгийн сонирхолтой нь энэхүү шинэ могойг байгалийн зэрлэг орчноос биш, харин уул уурхайн зориулалттай, ихээхэн өөрчлөгдсөн, барилга байгууламжтай арал дээр илрүүлсэн байна. Ийнхүү хүн амьдрах орчинд ч зохицон амьдрах чадвартай байгааг нь онцолжээ.
Папуа Шинэ Гвиней нь дэлхийн хамгийн олон эндемик хэвлээр явагч, хоёр нутагтан амьтадтай бүс нутгийн нэг бөгөөд одоогоор 80 гаруй төрлийн могой бүртгэгдээд байгаа юм. Судлаачдын үзэж буйгаар тус бүс нутгийн томоохон арал бүр дээр зөвхөн тухайн газарт л тохиолддог өөр өөр Dendrelaphis зүйл могой байдаг нь тусгаарлагдсан экосистем шинээр амьтан үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг болохыг харуулж байна.
Одоогоор Dendrelaphis atra-гийн хооллолт, үржихүйн зуршил зэрэг амьдралын олон тал нь судлагдаагүй хэвээр байгаа ч цаашдын судалгаа байгаль хамгааллын стратеги боловсруулах, шинжлэх ухааны мэдлэгийг тэлэхэд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна.
Энэхүү судалгааны үр дүн Zootaxa сэтгүүлд хэвлэгдсэн байна.