in

Плуто гаргийн цаана шинэ жижиг гараг илэрчээ

Гайхмаар том энэ биет Нарнаас Дэлхий хүртэлх зайнаас ойролцоогоор 838 дахин хол тойрог замтай.

Плуто гаргийн цаана шинэ жижиг гараг илэрчээ

Нарны аймгийн зах хязгаарт, нэгэн сонирхолтой хүйтэн биет эргэлдэж байна. Энэ бол жирийн нэгэн солир биш, харин жижиг гараг. Хэдий албан ёсоор “minor planet” буюу жижиг гараг гэж ангилсан ч, хэмжээгээрээ саяхныг хүртэл илэрсэн хамгийн том биетүүдийн нэг юм.

Энэхүү гарагийг 2017 OF201 хэмээн нэрлэсэн бөгөөд Олон улсын Астрономийн холбооны Жижиг гаргуудын төв тавдугаар сарын 21-нд өөрийн жагсаалтдаа бүртгэжээ. Хэмжээгээрээ энэ гараг 470–820 километрийн диаметртэй гэж таамаглагдаж буй бөгөөд хамгийн дээд хэмжээ нь Ангараг болон Бархасбадь гарагуудын хооронд орших хамгийн том солир болох Сэресийн хэмжээтэй дөхөхүйц юм (Сэрес нь 952 км диаметртэй).

Анх 2017 OF201-ыг архивын зурагнуудаас илрүүлсэн ч, одоо л албан ёсоор транс-Нептуны биет (TNO) буюу Нептуны цаана орших биет гэж хүлээн зөвшөөрөгдөөд байна. TNO гэдэг нь Нептун гаргаас цааш Нарны эргэн тойронд эргэдэг биетүүдийг хэлдэг. Нептун нь Дэлхийгээс Нар хүртэлх зайнаас 30 дахин хол оршдог билээ.

Гэхдээ 2017 OF201 нь бусад транс-Нептуны биетүүдээс ч онцгой. Түүний тойрог зам Нарнаас хамгийн ихдээ 838 астрономийн нэгж (AU) зайд хүрдэг нь Нептуны зайнаас бараг 30 дахин хол гэсэн үг. Харин хамгийн ойртсон үедээ 45 AU-ийн зайд ирдэг аж. Энэ онцгой тойрог зам нь түүнд “хэт алслагдсан транс-Нептуны биет” (ETNO) гэх ангилал олгоход хүргэжээ. Ийм төрлийн биетүүд Нарны аймгийн захад нууцлаг таталцлын хүч үйлчилж буй байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлэх үндэс болдог.

Ингээд бидний анхаарал Есөн дэх гараг руу чиглэнэ. Энэ нь Койперийн бүсэд төвлөрсөн биетүүдийн хачирхалтай байршлыг тайлбарлахын тулд таамаглагдсан онцгой масс бүхий гараг. Өөр онол ч бий. Жишээлбэл, таталцлын нөлөө үзүүлж буй хог хаягдлын цагираг, бүр хар нүх ч байж болно. Гэвч хүн төрөлхтөнд хамгийн их сонирхол татдаг нь мэдээж үл үзэгдэгч холын гараг билээ.

Хэрэв Ес дэх гараг оршин байдаг бол Дэлхийн массаас зургаа дахин их бөгөөд 7,400 жилийн тойрог замтай байх ёстой. Шинэ бүртгэгдсэн 2017 OF201 бол том биет хэдий ч, Ес дэх гарагтай харьцуулахад жижиг юм.

Гэсэн ч ийм төрлийн шинэ нээлтүүд астрономичдын сонирхлыг үргэлжлүүлэн өдөөдөг. Өнгөрсөн сард өөр багийн судлаачид Нептуны цаана аажим хөдөлдөг өөр нэг биет илрүүлсэн ч байршлын хувьд Ес дэх гарагийн таамагт тохирохгүй байжээ.

Эдгээр илэрсэн биетүүд нь эцэстээ Ес дэх гарагийн байршлыг тогтоох, эсвэл Нарны аймгийн захын биетүүдийн хачирхалтай хөдөлгөөнийг тайлбарлахад туслах хэмээн найдаж байна.

2017 OF201 нь хүсэн хүлээсэн шинэ гараг биш ч, Нарны аймаг хэчнээн гайхмаар зүйлсээр дүүрэн болохыг сануулсан шинэ нотолгоо болж байна. Тэр дундаа хүйтэн, харанхуй, алслагдсан буланд нь.

gizmodo.com

What do you think?

Майли Сайрус шинэ дууныхаа хамт “Something Beautiful” киноны трэйлерийг цацлаа

Майли Сайрус шинэ дууныхаа хамт “Something Beautiful” киноны трэйлерийг цацлаа

Бүх цаг үеийн Disney-гийн хамгийн их ашиг орлого олсон таван классик анимейшн ремэйкийн жагсаалт

Бүх цаг үеийн Disney-гийн хамгийн их ашиг орлого олсон таван классик анимейшн ремэйкийн жагсаалт