Хятад улс тэнгисийн цэргийн хүчээ шинэ шатанд гаргаж, дэлхийн тавцанд нөлөөгөө нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд хамгийн том, хамгийн дэвшилтэт нисэх онгоц тээгч хөлгөө 2025 онд ашиглалтад оруулахаар зэхэж байна.
“Фүжиан” хэмээх энэхүү 80,000 тонн жинтэй аварга хөлөг нь БНХАУ-ын гурав дахь нисэх онгоц тээгч бөгөөд “живдэггүй тив” гэгдэхүйц хэмжээ, хүчин чадлаараа өмнөх хоёр тээгч болох “Ляонин” болон “Шаньдун”-аас хавьгүй илүү юм.
Тус хөлөг одоогоор Шар тэнгист далайн туршилт хийж байгаа бөгөөд 2025 оны сүүлээр бүрэн ажиллагаанд орох төлөвтэй. Энэ нь зөвхөн Хятадын бүс нутгийн батлан хамгаалахын чадавхыг нэмэгдүүлэхээс гадна дэлхийд тэнгисийн нөлөөгөө тэлэх урьдчилсан алхам болчихоод байна.
Хятадын анхны цахилгаан соронзон хөөргөгчтэй хөлөг

Фүжиан нь Хятадын тэнгисийн хүчинд анх удаа цахилгаан соронзон онгоц хөөргөх систем (EMALS) суурилуулсан нисэх онгоц тээгч бөгөөд энэ нь J-15 болон J-35 сөнөөгч онгоцны үйл ажиллагааг тэлж, агаарын хүчний ажиллагааг хурдасгана. Энэ нь өмнөх хоёр тээгч — Ляонин ба Шаньдун — хөлгүүдтэй харьцуулахад үлэмж дэвшил юм. Хэмжээ, тоноглолын хувьд илүү том, илүү чадвартай Фүжиан нь зөвхөн Хятадын дотоод тэнгист төдийгүй дэлхий дахинд тэнгисийн хүчээ нөлөөлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Фүжиан хөлгийн товч үзүүлэлт
- Урт: 316 метр (ойролцоогоор)
- Жин: 80,000 тонн
- Харьцуулалт: Ляонин, Шаньдун хоёрынхоо жинг 15,000 тонноор давсан
- Төрөл: Уурын турбинт хөдөлгүүртэй, цөмийн бус хөлгүүдийн дундаа хамгийн том нь
- Нисэх хүчин: 60 хүртэлх нисэх онгоц хүлээн авах чадалтай
- J-15, J-35 сөнөөгч онгоц
- KJ-600 эрт сэрэмжлүүлгийн онгоц
- Төрөл бүрийн нисдэг тэрэг
Эдгээр янз бүрийн онгоцыг хөөргөх боломжийг цахилгаан соронзон хөөргөгч нь олгодог. АНУ-ын USS Gerald R. Ford хөлөгтэй зэрэгцэн ийм системтэй цорын ганц хөлөг бол Фүжиан юм. Хөөргөлтийн хурд өндөр тул энэ хөлөг “дек лоуд довтолгоо” буюу олон онгоцыг нэгэн зэрэг агаарт гаргах чадвартай гэж үзэж байна. Хятадын төв телевизийн мэдээлснээр, Фүжиан төрөл бүрийн онгоц хослуулсан Alpha Strike төрлийн довтолгоо хийж чадна.
Зэвсэглэл болон хамгаалалтын систем
Хэдийгээр Фүжиан хөлгийн зэвсгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хомс ч, хиймэл дагуулын зургаар доорх системүүд байгаа нь тогтоогдсон:
- 4 ойрын тулааны зэвсэг (CIWS)
- 4 пуужингийн эсрэг хамгаалалтын систем, АНУ-ын SeaRAM системтэй төстэй
Дэлхий рүү тэмүүлж буй Хятадын тэнгисийн хүчин

Фүжиан бол Хятадын дэлхийн түвшний тэнгисийн хүч болох зорилго дахь дараагийн алхам. Хэдийгээр Хятад тоогоор хамгийн олон хөлөгтэй ч, тэдгээрийн ихэнх нь өмнөд Хятадын тэнгис орчмын эргийн ажиллагаанд зориулагдсан жижиг хэмжээний хөлгүүд байв. Харин сүүлийн жилүүдэд Хятад илүү холын зайн ажиллагаа дэмжих нисэх онгоц тээгч, Рэнхай ангиллын 8 хөлөгт крейсер, Destroyer, тусгай дэмжлэгийн хөлгүүд (Fuyu, Dakai, Dafeng зэрэг) нэмсээр байна.
Фүжиан зөвхөн хүчин чадлын өсөлт биш, “том тавцантай тээгч” хөлөг удирдах туршлага хуримтлуулах маш чухал алхам гэж өрнөдийн стратегич Малком Дэвис дүгнэжээ. Учир нь Хятад улс цөмийн хөдөлгүүртэй дөрөв дэх тээгч хөлөг барьж байгаа бөгөөд Фүжиан түүнд шууд бэлтгэл болно.
АНУ-ын Батлан хамгаалах яамны 2024 оны тайланд дурдсанаар, Хятад сүүлийн жилүүдэд Өмнөд Хятадын тэнгисээс цааш Гуам, Тайвань, Окинава орчмын стратегийн бүс рүү агаар, тэнгисийн хүчээ харуулсан томоохон сургуулиуд хийсэн. Харин Фүжиан 2025 оны тавдугаар сард 8 дахь удаагийн далайн туршилтаа дуусгасан ба оны сүүлээр ажиллагаанд орох хуваарьтай байна.
Эх сурвалж: