Тритон хэмээх хагас тон барилттай энэхүү дуу авиаг нэг хэсэгтээ эмх замбараагүй байдал үүсгэгч гэж үздэг байсан бөгөөд сүмийн найрал дуунаас хориглогдож байв. Харин хүнд метал хөгжмийн шүтэн бишрэгчид түүнийг халуун дотноор угтан авсан юм. Тэгвэл ‘чөтгөрийн интервал’ гэх энэ дуу авианы хослол үнэндээ хүний тархинд юу хийдэг вэ?
Хоёрхон дуу авиаг хориглоно гэдэг нь утгагүй мэт санагдаж болох ч энэ нь Black Sabbath хамтлагийн 1970 оны анхны цомгийн эхлэл риффийн ард байгаа домог. Гитарчин Тони Айомми гуравхан зэвүүн өнгө аяс ашиглан, Оззи Осборны зовиуртай хоолойтой хослуулснаар зүрх түгшээсэн дуу авиаг бий болгожээ. “Эдгээр өнгө аясийг олон жилийн өмнө хориглосон байсан. Энэ нь сатантай холбоотой гэж үздэг байсан” хэмээн Айомми 2014 онд BBC-д ярьжээ.
Домог үргэлж үнэн байдаггүй ч энэ удаад нэгэн сэжүүртэй. Black Sabbath хөгжмийн онолын хэлээр ‘тритон’ хэмээх интервалыг ашигласан байна — энэ нь дундад зууны үед найрал дуунд ашиглахыг цээрлэдэг, өнөө үед ‘чөтгөрийн интервал’ гэж нэрлэгддэг хагас зөрчилтэй хослол юм. Үүнийг дуу хөгжмийн онолд өргөтгөсөн дөрөвдүгээр, багасгасан тавдугаар зэрэг ч гэж нэрлэдэг. Тритон нь гурван бүтэн тон дамжин үүсдэг бөгөөд хурц, тогтворгүй дуу авиаг бий болгодог тул хүний чихэнд таагүй сонсогддог.
Түүхэн дэх “тасхийсэн” дуу
Чөтгөрийн нэртэй холбогдсон ч тритон дундад зуунд албан ёсоор хориглогдож байгаагүй. Гэхдээ хөгжим судлаач Кристоф Ройтерийн тайлбарласнаар, тухайн үеийн математикийн болон философийн хэмнэлд суурилсан хөгжимд “төгс” интервалыг чухалчилдаг байсан бол тритон нь хэтэрхий нарийн хуваарилагдсан давтамжтай, тогтворгүй учир зохицдоггүй байв.


Үүний нэг шалтгаан нь ‘тон’ ба ‘горим’ (mode)-ын ялгаатай байдал юм. Жишээ нь, C major-ийг C дээрээс тогловол нэгэн төрлийн өнгө аяс үүснэ. Харин D-ээс тогловол ‘Dorian’ горим болж илүү жазз маягийн аяс гарна. E дээрээс тогловол ‘Phrygian’ горим буюу илүү этгээд, нууцлаг уур амьсгал төрүүлнэ. A дээрээс тогловол ‘Aeolian’ буюу гунигтай, минор хэв маяг илэрнэ. Гэвч нэг горим бүхнээс илүү таагүй сэтгэгдэл төрүүлдэг байсан нь ‘Locrian’ горим.
Чөтгөрийн сүүдэр
Locrian горим нь C major-ийн долоо дахь нот болох B-гээс эхэлдэг бөгөөд B ба F-ийн хоорондын тритон интервалд онцгой ач холбогдол өгдөг. Энэ нь дуу авиаг тогтворгүй, бүр түгшүүртэй сонсогдуулдаг.
Энэ нь зүгээр нэг амтлах мэдрэмжийн асуудал биш байв. Дундад зууны үед найрал дууны зохиолд горим нь үндэс суурь нь байсан. “Тритон нь зөвхөн гоо сайхны стандартад харшилдаггүй, мөн цэвэрхэн дуулхад хүндрэлтэй байв. Ялангуяа a cappella буюу зүгээр хоолойгоор дуулдаг сүмийн дуунуудад” хэмээн Ройтер тайлбарласан.
Энэхүү хүндрэлийн улмаас “mi contra fa diabolus est in musica” буюу “ми фа-гийн эсрэг бол хөгжим дэх чөтгөр” гэх алдартай хэллэг гарсан. Энэ нь 11-р зуунд Гуидо д’Ареццогийн хөгжмийн системд гарч ирсэн бөгөөд хоёр тритон нотын зөрчилдөөн, хоршилгүй байдал нь найрал дууг эвдэх, сэтгэл түгшээх шалтгаан болдог байв.
Барууны чих
Гэхдээ тритонтой төстэй хоршил зүгээр л Барууны хөгжимд хязгаарлагдаагүй. Ойрхи Дорнодоос Япон хүртэл олон соёлд өөрийн гэсэн “цээртэй” хослолууд бий.
Жишээлбэл, Энэтхэгийн уламжлалт рагад варжя сварас буюу тухайн уур амьсгалд тохирохгүй нотуудыг зориуд хасдаг. Японы гагаку зэрэг хөгжимд ‘ма’ (сөрөг орон зай), ‘ва’ (нэгдэл)-д нийцүүлэн хурц, зөрчилтэй хослолыг зайлсхийдэг.
Харин Арабын макам систем нь барууны чихэнд диссонант сонсогддог хослолуудыг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Хагас тон, микро тон, дөрөвний тон зэрэг нь огцом хурц байдал, тайвшралыг өөр өөр зарчмаар бий болгодог.
Тэгэхээр тритоны улмаас үүсдэг зовиурт мэдрэмж хүн бүхэнд ижил гэж үү? Магадгүй үгүй. 2016 оны судалгаагаар Боливийн Tsimane’ омгийн барууны хөгжимд өртөөгүй хүмүүс диссонант хослолыг таагүй гэж мэдэрдэггүйг тогтоожээ. Венагийн их сургуулийн Исабелла Цзедик-Эйсенберг хэлэхдээ: “Тритон шиг хослолууд тодорхой сэтгэцийн болон сонсголын нөлөө үзүүлдэг ч ‘муу ёрын’, ‘чөтгөрийн’ гэх мэт бэлгэдлүүд нь соёлын сурсан ойлголт юм” гэжээ.


Сонсголын сэтгэл зүй
Тритон яагаад зэвүүн, түгшүүртэй сонсогддог вэ? Нэг шалтгаан нь сонсголын ‘барзгар чанар’ буюу авианы эвгүй, жигд бус бүтэц. Энэ нь тархинд аюултай гэсэн дохио болж мэдрэгддэг гэж Исабелла тайлбарлажээ. “Барзгар авианууд нь хүний хашгираан зэрэг биологийн анхааруулгын чухал шинжүүдийн нэг. Гэхдээ энэ нь метал хөгжмийн хоолойн техникүүдэд ч ашиглагддаг. Хүнд, гуттурал хоолойг ‘мангас шиг’, ‘сэтгэцэд нөлөөлөхүйц’ гэх мэтээр дүрслэх нь түгээмэл.”
Сонсголын хариу үйлдэл нь зүгээр л физиологи биш — харин туршлагаас хамаардаг. Хөгжмийн сэтгэл судлаач Виктория Уильямсон хэлэхдээ: “Тодорхой авиа, давтамж нь хүний дотоод чих, тархинд таагүй мэдрэмж төрүүлж, хэт өдөөлт, сэтгэл гутрал, бүр өвдөлт ч үүсгэж болно. Гэхдээ эдгээр мэдрэмж нь бидний туршлага, дурсамжаас үүдэлтэй — бүрэн хувь хүнийх байдаг.”
17-р зууны Европт ч энэ үзэл өөрчлөгдөж эхэлжээ. Хуучны хөгжимд зохицол, эмх цэгц чухал байв. Харин Барокийн үед эсрэг тэсрэг байдал, сэтгэл хөдлөлийг үнэлдэг болсон. Классик үед тритон нь Бах, Бетховен, Вагнер зэрэг нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлд түгээмэл ашиглагдаж, айдас эсвэл драмын мэдрэмжийг илэрхийлэх хэрэгсэл болсон. Сэнт-Сансийн Danse Macabre бүтээлд тритон үхлийн илд мэт эхлүүлдэг.
Хожим нь тритон хаа сайгүй сонсогдох болсон — The Simpsons-ийн аянаас эхлээд гамшгийн дуут дохио хүртэл. Харин 1970 онд Black Sabbath түүнийг дахин ашиглаж, хүнд метал хөгжмийн суурийг тавьсан.
Уильямсоны хэлснээр: “Black Sabbath-ийн хөгжим тархины гүн мэдрэмжийн төв болох амигдалад хүчтэй нөлөөлдөг. Гэхдээ айдас эсвэл зэвүүцэл бус, татагдаж сонсдог. Сэтгэл хөдлөл, стрессийг тайлж өгснөөр тархины таашаал, урам зориг хариуцдаг хэсгүүдийг идэвхжүүлдэг. Энэ нь тархинд допамины ялгарал үүсгэж, цаг хугацааны явцад хамааралтай болгодог. Тиймээс л Black Sabbath-ийн фенүүд олон арван жил үнэнч байсаар ирсэн” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: Nationalgeographic