Ангараг дээр ус оршдог нь мөс, хөрсөнд баригдсан чийг, агаар мандлын усны уур хэлбэрээр аль хэдийн батлагдсан. Харин хүн төрөлхтөн тэнд бодитоор суурьшихын тулд усыг илрүүлэхээс илүүтэй тогтвортой олборлож, ашиглах технологи хамгийн чухал асуудал болоод байна. University of Strathclyde-ийн судлаач Др Вассилис Инглезакис Ангарагийн нөхцөлд хэрэгжих боломжтой ус гарган авах аргуудыг харьцуулан үнэлжээ.
Судалгаагаар хөрсний гүнд орших мөс хамгийн ирээдүйтэй эх үүсвэр гэж дүгнэгдсэн байна. Хэдхэн метрийн гүнд орших мөсний ордод хүрч чадвал харьцангуй цэвэр, их хэмжээний ус олборлох боломжтой бөгөөд эрчим хүчний хувьд ч ашигтай шийдэлд тооцогджээ. ESA-гийн мэдээллээр Ангарагийн зарим бүс нутагт мөсний нөөц асар их байх магадлалтай аж.

Харин хөрсөнд химийн холбоосоор баригдсан ус чийгийг салгаж авах арга нь усны гарц багатай, эрчим хүч их шаарддаг тул нэмэлт эх үүсвэрийн түвшинд үнэлэгджээ. Агаар мандлын усны уурыг цуглуулах хувилбар онолын хувьд сонирхолтой ч Ангарагийн агаар дахь чийг маш бага тул зөвхөн мөсний нөөцгүй бүсэд л “байхгүйгээс дээр” шийдэл болох боломжтой гэж үзсэн байна.

Судлаачдын онцолсноор, Ангарагийн усны хайгуул үргэлжилж байгаа ч олборлолтын бодит ажиллагаатай технологийг зэрэг хөгжүүлэхгүйгээр урт хугацааны нислэг, суурьшил хэрэгжихэд хүндрэлтэй. Энэхүү судалгаа нь Ангарагийн усны нөөцийг хүний амьдралд ашиглахуйц практик шийдлүүдийг эрэмбэлсэн чухал чиг баримжаа болж байна.