Пол Скоулз: Арсенал түрүүлбэл Премьер лигийн түүхэн дэх “Хамгийн муу аварга” байх болно

Арсенал Премьер лигийн хүснэгтийг Манчестер Сити, Астон Виллагаас дөрвөн онооны давуугаар тэргүүлж буй ч сүүлийн гурван тоглолтдоо ердөө хоёр оноо авсан нь тэдний тоглолтод эргэлзээ төрүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор Манчестер Юнайтедын домог Пол Скоулз Арсенал аварга болбол Английн хөлбөмбөгт “Сайн зүйл болохгүй”, бүр Премьер лигийн түүхэн дэх хамгийн сул аварга байж мэднэ хэмээн шүүмжилжээ.

Скоулзын хэлснээр, хэрэв улирлын шилдэг бүрэлдэхүүнийг сонговол Арсеналын довтолгооны дөрвөлөөс багтах тоглогч олдохооргүй байгаа нь тэдний хамгийн том асуудал аж. Түүний энэ байр суурь Арсеналын довтолгооны чанар, хувь тоглогчдын нөлөө хангалтгүй байгааг онцолсон шүүмжлэл байв.

Статистик ч үүнийг тодорхой хэмжээнд баталж байна. Энэ улиралд Арсенал стандарт байдлаас 15 гоол оруулж, лигийг тэргүүлж байгаа нь тэдний тактикийн гол зэвсэг болжээ. Нийт 42 гоолтойгоор Манчестер Ситигийн ард хоёрдугаарт бичигдэж буй ч нээлттэй тоглолтоос оруулсан гоолын үзүүлэлт нь лигийн 17-д эрэмбэлэгдэж байгаа нь довтолгооны бүтээлч байдал хангалтгүй байгааг илтгэнэ. Мөн багийн мэргэн буучид Виктор Жёкереш, Леандро Троссард нар ердөө таван гоолтой байгаа нь аваргын төлөө өрсөлдөж буй багийн хувьд эргэлзээ төрүүлэх үзүүлэлт юм.

Скоулзын энэ байр суурийг Sky Sports-ийн шинжээч Жэйми Каррагер ч хэсэгчлэн дэмжжээ. Тэрээр хүснэгтийг тэргүүлж буй баг довтолгооны шугамдаа “Улирлын шилдэг”-т багтах супер одгүй байна гэдэг ховор үзэгдэл хэмээн онцолсон байна. Ялангуяа Букайо Сака бүх тэмцээний хэмжээнд сүүлийн 13 тоглолтдоо гоолгүй, харин Жёкереш Премьер лигт 11 тоглолт дараалан (торгуулийн цохилтоос бусад) гоол оруулаагүй байгаа нь Арсеналын довтолгоо гацсаны тод илрэл болж байна.

Энэ орой Арсенал Аваргуудын лигийн хүрээнд Кайрат Алматытай тоглоно. Шигшээ 16-д шалгарсан тул Микел Артета бүрэлдэхүүндээ нэлээд өөрчлөлт хийх төлөвтэй байна. Харин лигийн тааруу үр дүнгийн талаар Артета үүнийг “Түр зуурын ухралт” хэмээн тайлбарлаж, улирлын үлдсэн дөрвөн сарыг илүү зоригтой, итгэлтэй сэтгэлзүйгээр аваргын төлөө тоглоно гэж мэдэгдсэн юм. Тэрээр мөн дэмжигчдээ нэг зорилгын дор нэгдэж, энэ мөчийг хамтдаа амьдрахыг уриалжээ.

Дэлгэрэнгүй