Сүүлийн үед ухаалаг нүдний шилний зах зээл эрчээ авч байгаа бөгөөд Google энэ өрсөлдөөнд хүч нэмэхэд бэлэн боллоо. Баасан гарагт болсон Android Show цувралын Google I/O тусгай дугаарын төгсгөлд Google-ийн Android экосистемийн ерөнхийлөгч Самир Самат маш товчхон бөгөөд анхаарал татсан дохио өглөө. Тэрээр зөөврийн уутнаасаа нүдний шил гаргаж зүүгээд, “Ирэх долоо хоногийн I/O дээр Android-ийн өөр хэд хэдэн гайхалтай демо үзүүлнэ” хэмээн мэдэгдэв.
Энэ талаар шууд хэлээгүй ч утга нь тодорхой. Google ойрын хугацаанд ухаалаг нүдний шил танилцуулахаар зэхэж байгаа бололтой. Хувь хүний хувьд энэ нь сэтгэл хөдөлгөм мэдээ ч, нэгэн компанид бол таатай сонсогдохгүй байж мэднэ. Сэжүүр өгье: Тэр компани Facebook-ийг эзэмшдэг.
Хэдий ухаалаг нүдний шилний зах зээл одоогоор хөгжлийн эхэн үедээ явж байгаа ч энэ сегментэд аль хэдийнээ тэргүүлэгч тодроод байна. Тэр нь Марк Цукербергийн Meta бөгөөд тэдний Ray-Ban ухаалаг нүдний шил нь зах зээл дээрх гол бүтээгдэхүүн гэгдэж байна. Meta-ийн ухаалаг нүдний шилийг хэрэглэж үзсэн хүний хувьд, өрсөлдөгч олонгүй ч гэсэн энэ бүтээгдэхүүн тэргүүлэгч гэдэгт эргэлзэх зүйл алга.
Meta-гийн Ray-Ban ухаалаг нүдний шил загварлаг төдийгүй, санаанд оромгүйгээр чанартай зураг дардаг. Мөн тэдгээрт Siri-гээс ч илүү чадвартай дуу хоолойгоор удирддаг туслах бий. Утасны дуудлага хийх, хөгжим сонсох үедээ гэнэтийн сайн дуугаралт мэдрүүлэх нь ч давуу тал. Энэ нь ANC чихэвч эсвэл чихэвч хэлбэртэй том төхөөрөмжөөр өөрийгөө тусгаарлалгүйгээр аудио контент хэрэглэмээр үед хамгийн тохиромжтой төхөөрөмж юм. Хувь хүний үзэл бодлоор бол энэ бол таны хэрэгтэй гэж боддоггүй ч нэг удаа хэрэглэж үзвэл гарцаагүй сонирхож эхлэх тийм төрлийн төхөөрөмж юм.
Гэхдээ Meta-гийн Ray-Ban нүдний шилд итгэлтэй байдаг ч ухаалаг нүдний шилний зах зээл одоогоор бүрэн нээлттэй гэдгийг ч би сайн мэднэ. Өмнө дурдсанчлан, Meta энэ зах зээлд том загас мэт байр суурьтай ч энэхүү байршил удаан үргэлжлэхгүй нь тодорхой. Энэхүү тогтвортой байдлыг алдагдуулах компаниудын нэг нь Google байж мэднэ.
Google-ийн ухаалаг төхөөрөмжүүдийн талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй ч, тэдний танилцуулах шил заавал Ray-Ban маягийн классик дүр төрхтэй байх албагүй. Харин нэг том давуу талтай Google-ийн экосистем. Жишээ нь, Pixel төхөөрөмжтэй хослуулсан үед Google-ийн ухаалаг нүдний шил Meta-гийн урьдчилан төсөөлж ч байгаагүй хэмжээнд хүрч чадна. Утасны зурвас, дуудлага, дуу бичлэгийн апп, камерын апптай нягт уялдаатай ажиллахыг төсөөлөөд үз. Эдгээр нь гаднаа жижиг мэт боловч, ухаалаг нүдний шилийг ашиглахад гарсан зураг, бичлэг шууд утсан дээрх зурагны аппд орж ирнэ гэдэг бол амьдралыг хөнгөвчлөх маш чухал хүчин зүйлс. Meta-гийн шил хэр сайн ч байлаа гэсэн, iPhone-той бүрэн уялдаатай ажиллах боломж хэзээ ч гарахгүй. Харин Google-ын хувьд энэ талбар бүрэн нээлттэй байна.

Гэвч байдал үүгээр зогсохгүй Google хиймэл оюуны (AI) тал дээр ч давуу талтай байж мэднэ. Meta-гийн Ray-Ban нүдний шилний хувьд надад таалагддаггүй цорын ганц зүйл бол Meta AI. Энэхүү туслах “>идео бич” гэх мэт энгийн командуудыг дажгүй гүйцэтгэдэг ч, илүү төвөгтэй, олон үетэй даалгавруудад ороход мэдэгдэхүйц тогтворгүй болдог. Жишээлбэл, саяхан Флоридагийн далайн эрэг дээр Meta AI миний гартаа барьсан бараг бүх бүрхүүлийг “акулын шүд” гэж андуурч тодорхойлсон бөгөөд замын хажууд зогсож байсан Infiniti автомашиныг маш итгэл төгсөөр “Ин-фин-ии-ти” хэмээн буруу уншсан юм.
Google-ийн Gemini эдгээр даалгаврыг илүү сайн гүйцэтгэж чадах эсэх нь тодорхойгүй ч, хиймэл оюуны ухааны хөгжүүлэлтэд арай урт хугацаанд туршлага хуримтлуулсан бөгөөд төрөл бүрийн загваруудыг ухаалаг нүдний шилэндээ ашиглах боломжтой. Түүнчлэн гар утас болон нүдний шилний уялдаа сайтай болсноор, ялангуяа “агент маягийн” Gemini-тай хослуулах нь Meta-гийн Ray-Ban шилнээс илүү боломжуудыг нээж өгч мэднэ.
Google аль хэдийнэ 2024 оны I/O арга хэмжээний үеэр ухаалаг нүдний шил нь хиймэл оюуны тусламжтай юу хийж чадах талаар багахан мэдээлэл цацсан. Тэдний “Project Astra” хэмээх төсөл нь компьютерийн хараанд суурилсан ухаалаг шилний хэрэглэгчийн интерфэйс (UI) бөгөөд олон төрлийн үүрэг гүйцэтгэж чадна. Хяналттай демо үзүүлбэрт Google энэхүү шил нь дэлгэц дээрх компьютер кодыг уншиж зөвлөгөө өгч байгаа, эсвэл таны орчинд буй зүйлсийг санаж хадгалах боломжтойг харуулсан. Энэ бол ирээдүйд Google-ийн нүдний шилнээс хүлээж болох зүйлсийн сонирхолтой, магадгүй бага зэрэг хол дүр зураг юм. Харин ирэх долоо хоногт бид илүү тодорхой ойлголт авч магадгүй.
Гэхдээ юу ч болсон бай, Google болон Meta хоёрын хувьд цаг хугацаа үнэтэй. Samsung болон Apple компаниуд ухаалаг нүдний шилээ албан ёсоор зарлаагүй байгаа ч, тэд ижил төстэй онцлогтой, түүнээс ч давсан төхөөрөмжүүд дээр ажиллаж байгаа нь бараг тодорхой. Тэдгээр нь Google-ийн төхөөрөмжтэй адил уялдаа сайтай, AI чадвартай байхаас гадна ухаалаг утас, зурагт, чанга яригч гэх мэт өргөн цар хүрээтэй экосистемийг бүрдүүлж чадна.
Гэсэн ч Meta-г бүр мөсөн басах аргагүй. Хэрэв тэд өөрсдийн “Orion” нэртэй прототипийг бодит бүтээгдэхүүн болгох чадвартай бол Google, Samsung, Apple-г ч сүүдэрт үлдээж мэднэ. Orion бол жинхэнэ AR (нэмэлт бодит байдал) шил бөгөөд текст, зураг, видео, тоглоом зэрэг дижитал контентыг бодит орчин дээр тань шууд давхарлан үзүүлэх боломжтой. Meta энэхүү технологийг энгийн нүдний шилний хэмжээтэй болгох зорилготой бөгөөд 2027 он гэхэд зах зээлд гаргана хэмээн мэдэгдсэн. Хэрэв тэдний амласан шиг зүйлсийг хийж чадвал энэ нь жинхэнэ тоглоом өөрчлөх нээлт болох нь гарцаагүй.
Google-ийн хувьд одоогоор бараг бүх зүйл таамаглал хэвээр байна. Гэсэн ч Google-ийн ухаалаг нүдний шилний бололцоо маш өргөн бөгөөд тун удахгүй энэ боломжийн яг ямархуу харагдахыг илүү тодорхой харж мэдэх юм. Харин энэ удаа Google Glass-тай харьцуулахад илүү амжилттай байх болтугай.
gizmodo.com