АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2026 оны төсвийн саналын дараа NASA Ангараг руу нислэг хийх хугацааг наашлуулж, бүр 2026 оноос эхлүүлж болзошгүй тухай Politico мэдээллээ. Уг гэнэтийн өөрчлөлт нь тус агентлагийн урт хугацааны зорилтыг хурдтай хэрэгжүүлэх алхам байж магадгүй байна.
NASA-ийн төлөөлөгч Бетани Стивенс “2026 болон 2028 онуудын хөөргөх цонхыг ашиглан хүнтэй нислэгт шаардлагатай технологиудыг турших боломжийг судалж байна” гэж мэдэгджээ. Гэхдээ яг ямар пуужин, төхөөрөмж ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа 2026 оны NASA-ийн төсвийн саналаа танилцуулсан. Уг төсөв өмнөх оны 24.8 тэрбум ам.доллараас 24 хувиар буурсан ч, хүний сансрын нислэгийн төсөвт нэмэлт 647 сая ам.доллар, Ангараг руу чиглэсэн хөтөлбөрт нэмэлт 1 тэрбум ам.долларын хөрөнгө тусгажээ. Харин Mars Sample Return буюу роботуудаар дээж авчрах хөтөлбөрийг төсвөөс хасах саналтай байгаа бөгөөд үүнийг ирээдүйд хүнтэй нислэгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
NASA ирэх онд Ангараг руу нислэг хийнэ гэж үзвэл, хамгийн боломжит сонголт нь SpaceX компанийн Starship хэмээх хүнд даацын пуужин байх магадлалтай. Elon Musk-ийн энэхүү пуужингийн систем нь Ангараг руу зорчих зорилготой бүтээгдэж байгаа бөгөөд тэрбээр Starship-ийг 2026 оны сүүл гэхэд хөөргөж, 2029 оноос хүн илгээх төлөвлөгөөтэй байгаагаа өмнө нь мэдэгдсэн.
Сүүлийн мэдээллээр Starship нь нийт 8 удаагийн туршилтын хөөргөлт хийж, ахиц дэвшил гаргаж байгаа бол АНУ-ын Холбооны нислэгийн удирдлагын байгууллага (FAA) саяхан тус компанид жилд 25 удаа хөөргөх зөвшөөрөл олгожээ. Өмнө нь энэ хязгаар тавхан байсан юм.
Гэхдээ энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хүндрэл байсаар байна. Тухайлбал, Starship-ийн бүрэн ажиллагааг батлах, орбитын шатахуун дүүргэлтийг хийж чаддаг болох шаардлагатай. Мөн Ангараг руу нислэг хийх цонх хоёр жил хагас тутамд нэг удаа нээгддэг онцлогтой бөгөөд дараагийн боломж 2028 оны сүүлээр тохиох аж.
Иймд тус агентлаг 2028 онд хүний нислэг хийхийг зорьж буй бол, хамгийн багадаа 2026 оны сүүлээр нисгэгчгүй туршилтын хөлөг илгээх шаардлагатай гэж The Economist онцолжээ.
NASA болон түүний түншүүд энэ богино хугацаанд бэлтгэлээ хангаж амжих эсэх нь одоогоор тодорхойгүй ч, АНУ-ын хувьд Ангараг руу хийх дараагийн “Уралдаан” аль хэдийн эхэлсэн бололтой.
gizmodo.com