Лос-Анжелес Лэйкерс-ийн довтлогч Леброн Жэймс 23 дахь улирлаа сэлгээний бус, бэртлийн улмаас эхлүүлсэн нь түүний хувьд ховор тохиолдол байв. Суудлын мэдрэлийн өвдөлт (sciatica)-ийн улмаас улирлын эхний 14 тоглолтыг өнжсөн тэрээр биеийн бэлтгэл, сэргэлтээ түргэсгэхийн тулд хооллолтдоо хатуу өөрчлөлт оруулсан тухайгаа ярьжээ.
Жэймс “Mind the Game” подкастад Стив Нэштэй ярилцахдаа тухайн үеийн нөхцөл байдал нь түүнийг “хоёр дуршил”-аа зогсооход хүргэсэн гэж тайлбарласан байна. Тэрээр дарс болон амттанд иддэг дуртай шоколадтай жигнэмгээ бүрэн хасч, анх 11-р сар хүртэл гэж төлөвлөсөн ч хоёр сар үргэлжлүүлэн, шинэ оны үеэр л анх удаа дахин хэрэглэсэн гэдгээ дурджээ.
Дарсанд дуртай нь олон нийтэд ил тод байдаг Жэймсийн хувьд энэ өөрчлөлт нь зөвхөн жингийн болон биеийн ерөнхий байдлыг сайжруулах бус, талбайд гарах хүртлээ өрсөлдөх “гал”-аа хадгалах сэтгэлзүйн сорил болсон байна. Өмнө нь Майами Хийт-д байх үед Пэт Райли багийн нислэгийн онгоцонд жигнэмэг авч явахыг хориглосон явдал хүртэл түүний амттанд дуртай байдлыг илтгэж байсан тул энэ удаагийн шийдвэр нь түүний сахилга бат, зорилгын түвшинг тод харуулсан гэж үзэхээр.
Леброн Жэймс ирэх улирал буюу 24 дэх улиралдаа эргэн ирэх эсэхээ одоогоор тодорхой шийдээгүйгээ All-Star Weekend-ийн үеэр дахин хэлсэн. Гэсэн ч улирлын анхны тоглолтоо хийснээс хойш тэр 22 оноо, 5.8 самбар, 7.1 дамжуулалт дунджилж, түүний тоглосон үед Лэйкерс 24-15 амжилттай байгаа нь энэхүү өөрчлөлтүүд бодит үр дүн өгч буйг харуулж байна.