10 сая нарны масстай хар нүх сансарт одод төрүүлэн явна
10 сая орчим нарны масстай хэт их масстай хар нүх өөрийнхөө галактикаас тасран, сансраар 1000 км/сек орчим хурдтай давхиж яваа нь батлагдлаа. Ийм “runaway” хар нүхийг онолоор таамаглаж ирсэн ч бодитоор анх удаа ажигласан тохиолдол гэж үзэж байна. Түүний хурд нь Дэлхийгээс Сар хүрэх зайг 14 минут орчимд туулах хэмжээнд хүрчээ.
Энэ нээлтийн эхний ул мөр 2023 онд Hubble Space Telescope-оор харагдсан гэрэлт хийн урт зурвас байв. Дараагийн ажиглалтаар James Webb Space Telescope уг зурвас нь хар нүхний үлдээж буй мөр болохыг нотолжээ. Судалгааны үр дүн arXiv дээр нийтлэгдсэн байна.
Оргосон хар нүх замдаа урд нь байгаа хийг түрж, “нум” хэлбэрийн хүчтэй цохилтын долгион (bow shock) үүсгэн халаадаг. Халаалт, шахалт нь хий дотор од үүсэх процессыг өдөөж, хар нүхний араас 200,000 гэрлийн жилийн урттай шинэ төрсөн оддын мөр татжээ. Хар нүх өөрийн галактикийн төвөөс 230,000 гэрлийн жилийн алсад илэрсэн нь түүнийг галактикийн таталцлын хүрээнээс гарсан гэдгийг илтгэнэ.
Судлаачид ийм “зугталт” хоёр галактик мөргөлдөн нэгдэх үед үүсэх асар хүчтэй түлхэлтээс шалтгаалсан байж магадгүй гэж тайлбарлажээ. Мөн нэгдэж буй системд хоёр хар нүхтэй хос байсан тохиолдолд гурав дахь хар нүх оролцсон нийлэмж тогтворгүй болж, нэг нь сансар луу шидэгдэн гарах хувилбар ч боломжтой. Судалгааг ахалсан Йэлийн их сургуулийн эрдэмтэн Пийтэр ван Доккүм ийм их масстай хар нүхийг төвөөс нь салган гаргах хүч үнэхээр төсөөлөмгүй том гэдгийг онцолсон байна.






