АНУ болон бусад хүйтэн уур амьсгалтай бүс нутагт (Монгол) энэ долоо хоногийн сүүлээр Арктикийн хүйтэн давалгаа дөхөж байгаа нь цахилгаан машины жолооч нарт батерейны цэнэг хэр удаан барих талаар санаа зовох шалтгаан болж байна.
Сайжруулсан батерейны технологи энэ ойлголтыг хоцрогдсон болгох чиглэлд хөгжиж байгаа ч өвлийн хүйтэн цаг агаар батерейны хүчин чадлыг бууруулдаг гэдэгт үнэн зүйл бий. Батерейны химийн урвал хүйтэнд удааширдаг нь бодитой боловч цахилгаан машинууд хүйтэн орчинд ажиллах чадваргүй гэсэн түгээмэл ойлголттой харьцуулахад бодит байдал харьцангуй зөөлөн юм.
Цахилгаан машины батарейны цэнэг хүйтэнд хэр их багасдаг вэ?
Recurrent судалгааны байгууллагаас гаргасан тайланд хүйтэн цаг агаар дахь цахилгаан машины батарейны цэнэг бууралтын түвшин тухайн машины төрөл болон үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс шалтгаалдаг гэж үзжээ.
18,000 цахилгаан машин, 20 загварын мэдээллийг шинжилсний үндсэн дээр халаалтын насос бүхий цахилгаан машинуудын батарейны цэнэг өвлийн нөхцөлд дундажаар 83%-д хүрдэг бол, халаалтын насосгүй үед энэ үзүүлэлт 75% болж буурдаг байна. Бүх машины дунджаар өвлийн батарейны цэнэг 80% байна.
Recurrent-ийн өсөлт, судалгааны хэлтсийн дарга Эндрю Гарберсон энэ долоо хоногт утсаар ярилцахдаа “Технологи сүүлийн жилүүдэд асар их хөгжсөн” хэмээн онцолжээ. Зөвхөн сүүлийн дөрвөн жилийн дотор л олон цахилгаан машины өвлийн батарейны цэнэгийн гүйцэтгэлд мэдэгдэхүйц ахиц гарсан байна.
Өвлийн нөхцөлд хамгийн сайн үзүүлэлттэй машинууд (халаалтын насос бүхий):
- Tesla Model X – 89%
- Tesla Model S (халаалтын насостай) – 88%
- Audi e-tron – 87%
- Tesla Model Y – 86%
- Hyundai Ioniq 5 – 85%
- Hyundai Kona – 84%
Жишээлбэл, Tesla Model X-ийн энгийн нөхцөлд батарейны цэнэгийн гүйцэтгэл 329 миль, өвлийн нөхцөлд 292 миль болж буурдаг.
Хамгийн бага үзүүлэлттэй машинууд (халаалтын насосгүй):
- Tesla Model 3 – 79%
- Nissan Leaf – 78%
- Tesla Model S (халаалтын насосгүй) – 77%
- Ford F-150 Lightning – 74%
- Chevrolet Equinox EV – 74%
- Cadillac Lyriq – 72%
- Chevrolet Bolt EV – 69%
- Ford Mustang Mach-E – 66%
- Volkswagen ID.4 – 63%
Эдгээрээс хамгийн доогуур үзүүлэлттэй машин болох VW ID.4-ийн Pro S загвар (халаалтын насосгүй) энгийн нөхцөлд 291 миль явах боломжтой байсан ч өвлийн нөхцөлд ердөө 183 миль болж буурдаг байна.
General Motors-ийн Chevrolet Equinox EV (74%) болон Cadillac Lyriq (72%) зэрэг хоёр загвар халаалтын насостай боловч харьцангуй бага үзүүлэлттэй байгааг Recurrent судлан үзэж, илүү нарийвчилсан таамаглал дэвшүүлэхээр ажиллаж байна.
Хүйтэн нөхцөлд цэнэглэх нөхцөл сайжирсаар байна
Гарберсон хүйтэн (-0°C) нөхцөлд бүрэн цэнэгтэй машинаар замд гарах үед бага зэрэг өөрчлөлт мэдрэгдэж болохыг сануулсан ч энэ нь өдөр тутмын хэрэглээ, замын хөдөлгөөнд оролцох эсвэл дэлгүүр хэсэх үед анзаарагдахааргүй хэмжээтэй байдаг. Дундаж өдөр тутмын гүйлт 30 миль орчим байдаг тул ихэнх цахилгаан машины жолооч өвлийн долоо хоногт ердийнхөөс арай илүү цэнэглэх шаардлага л тулгардаг.
Гарберсон мөн машины цэнэглэлтэд туслах ухаалаг системүүд хөгжиж байгааг онцолжээ. Тухайлбал, “Урьдчилан бэлтгэх” (pre-conditioning) систем нь батерейг хурдан цэнэг авахад бэлддэг. Тэрээр машинд суурилуулсан навигацийн системд цэнэглэх станцын байршлыг оруулахыг зөвлөсөн бөгөөд ингэснээр ихэнх цахилгаан машинууд цэнэглэхэд зориулж бэлдэх боломжтой болдог.
MNH Injury Lawyers компанийн төлөөлөгч Майкл Хусейн цахилгаан машины өвлийн нөхцөлд жолоодох туршлагыг шинжилж гаргасан дүгнэлтдээ:
“Цахилгаан машины эзэмшигчид өвлийн нөхцөлд тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг бүрэн ойлгож, замд явах хугацааг уртасгаж төлөвлөхөөс гадна ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангахын тулд тээврийн хэрэгслээ зөв зохистой арчлах шаардлагатай” гэж онцолсон байна.
Анх удаа цахилгаан машин эзэмшиж байгаа хүмүүст өвлийн нөхцөл дэх зай, цэнэглэлттэй холбоотой шинэ зүйлсэд дасах шаардлага гардаг. Гэсэн хэдий ч, машин зогсоол дээр хүйтэнд байхад “Далд цэнэгийн алдагдал” (phantom draining) маш бага байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Мөн хүйтэн нөхцөлд баттерейн цэнэгийн багасалт түр зуурынх гэдгийг ойлгох нь чухал. Температур хэвийн нөхцөл буюу 68-74°F (20-23°C)-т буцаж ирэхэд машины цэнэгийн гүйцэтгэл хэвийн түвшиндээ эргэн ордог.
Хэдийгээр өвөл хэзээ дуусахгүй мэт санагддаг ч, Гарберсон “Батерейнд халуун нь хүйтнээс илүү их нөлөөлдөг” гэж онцлон хэлсэн байна.
Дүгнэлт
Цахилгаан машинуудыг цас орсон даруйд л гүйцэтгэл муутай ажилладаг гэж үзэх нь хүйтэн цаг агаарын нөхцөлд цахилгаан машин жолоодох тухай буруу ойлголт юм. Үүнийг эсэргүүцэн ярьж буй хүмүүс бодит мэдээлэлтэй танилцах шаардлагатай.
Сүүлийн жилүүдэд батерейны технологийн сайжруулалт цахилгаан машиныг бүх улирлын тээврийн хэрэгсэл болгосон. Температур 32°F (0°C)-ээс доош орсон ч ихэнх жолоочид зайны багасалтыг бараг анзаарахгүй. Гэхдээ зайн гүйцэтгэлээ нарийн тооцоолдог хүмүүс өвлийн нөхцөлд илүү сайн үзүүлэлттэй цахилгаан машинуудыг сонгох нь зүйтэй.
autoblog.com