in

NASA-гийн цэвэр өрөөнд өмнө нь бүртгэгдээгүй 26 төрлийн бактери илэрчээ

Марс гаригийн гадаргад амжилттай газардсан Phoenix хөлгийн угсралтын үеэр шинэ илэрсэн нянгийн долоон төрөл нь өсгөвөрлөгдсөн байжээ.

NASA-гийн цэвэр өрөөнд өмнө нь бүртгэгдээгүй 26 төрлийн бактери илэрчээ

Сансрын аялалд заримдаа хамгийн өчүүхэн зүйл хамгийн том аюул авчирдаг. Тиймээс нислэгийн өмнөх бэлтгэл, ялангуяа сансрын хөлгийг угсарч, шалгадаг өндөр стандартад нийцсэн цэвэр өрөөний орчинд маш нарийн хяналт тавьдаг. Гэвч ийм чанд зохицуулалттай өрөөнд хүртэл бичил биет нэвтрэх боломжтой бөгөөд зарим нь бүр тэнд илүү сайн оршин тогтнодог болохыг NASA-гийн шинэ судалгаа харууллаа.

АНУ, Энэтхэг, Саудын Арабын эрдэмтдийн хамтарсан баг NASA-гийн Jet Propulsion Laboratory-д байрлах, 2007 оны наймдугаар сард хөөрсөн Phoenix сансрын хөлгийн угсралтад ашиглагдсан цэвэр өрөөнд шинээр 26 төрлийн бактери илрүүлсэн байна. Энэхүү нээлтийг Microbiome сэтгүүлд нийтэлжээ.

Судлаачид нийт 215 төрлийн нянгийн генетикийн дарааллыг тогтоожээ. Эдгээрийн зарим нь сансрын хөлгийг өрөөнд оруулахаас өмнө байсан бол бусад нь хөлгийн угсралт, туршилтын явц, мөн хөөргөх цэг рүү шилжүүлэх хугацаанд үүссэн байжээ. Ингээд нийт 53 төрлийн бактери нь өмнө нь бүртгэгдээгүй, 26 шинэ зүйл болохыг тогтоосон байна.

Цэвэр өрөөнд ч тэсвэртэй бичил биетүүд байна

NASA-гийн цэвэр өрөөнүүд нь температур, чийгшил, агаарын урсгалыг нарийн хянаж, тоос шороо, бичил биетээс бүрэн ангид байлгахаар зориулагдсан. Гэсэн ч энэ орчинд амьдарч чадсан нянгууд цаашлаад сансрын эрсдэлтэй орчинд ч тэсвэрлэх чадвартай байх магадлалтайг судлаачид онцолж байна.

Судалгаанд шинээр илэрсэн нянгууд цацрагийн эсрэг өндөр тэсвэртэй байгаад зогсохгүй ДНХ-г сэргээх, хортой молекулуудыг саармагжуулах, бодисын солилцоог идэвхжүүлэх зэрэг өвөрмөц генийн шинж чанартай байжээ.

Саудын Араб дахь Шинжлэх ухаан, технологийн Хаан Абдуллагийн их сургуулийн судлаач, судалгааны ахлагч Александр Росадо:

“Бидний зорилго бол сансрын аяллын явцад хэт тэсвэртэй бичил биет хэрхэн дамжих боломжтойг тогтоох, мөн аль нь орон зайн хүнд нөхцөлд амьд үлдэх чадвартайг илрүүлэх явдал байсан. Энэ бол гариг хооронд бичил биетийн санамсаргүй шилжилтээс сэргийлэхэд чухал алхам юм” хэмээн тайлбарлажээ.

Шинэ нээлт зөвхөн сансрын аюулгүй байдалд бус, газар дээрч үр нөлөөтэй

Энэхүү нээлт зөвхөн сансрын аялалтай холбоотой эрсдэлийг тодотгоод зогсохгүй, эрүүл мэнд, хүнс хадгалах зэрэг газар дээрх салбаруудад ч боломж нээж болзошгүй юм. Судалгааны тэргүүн зохиогч, доктор Жуниа Шульцийн хэлснээр эдгээр нянгуудын тэсвэртэй гениудыг ирээдүйд анагаах ухаан, хүнсний үйлдвэрлэл болон бусад салбарт ашиглах боломжтой гэнэ.

NASA цаашид цэвэр өрөөнийхөө стандарт, хамгаалалтын бодлогыг дахин нягталж сайжруулах шаардлагатай болж байна. Сансрын технологид “цэвэр” орчин үүсгэх асуудал зөвхөн ариун цэврийн асуудал биш, харин бичил биетийн дэлхийн гаднах амьдрах чадвартай холбоотой цоо шинэ сорилт болохыг энэ судалгаа дахин санууллаа.

Gizmodo.com

What do you think?

Арьсны бактери нарнаас хамгаалах байгалийн бамбай болох боломжтой

Арьсны бактери нарнаас хамгаалах байгалийн бамбай болох боломжтой

Видео тоглоомын компаниуд жүжигчдийн холбоонд хүргүүлсэн эцсийн гэрээний саналд AI-тай холбоотой маргаантай заалтуудыг хасжээ

Видео тоглоомын компаниуд жүжигчдийн холбоонд хүргүүлсэн эцсийн гэрээний саналд AI-тай холбоотой маргаантай заалтуудыг хасжээ