in

Манай нарны аймгаар дайрч буй 3I/ATLAS хэмээх зочин харийн технологи байж болзошгүй гэж зарим эрдэмтэн анхааруулж байна

3I/ATLAS нь алс холын орчноос ирсэн сүүлт од байж болзошгүй. Гэхдээ үнэхээр тийм үү?

Манай нарны аймгаар дайрч буй 3I/ATLAS хэмээх зочин харийн технологи байж болзошгүй гэж зарим эрдэмтэн анхааруулж байна
Манай нарны аймагт анх харагдсан цагаасаа хойш 3I/ATLAS нь шинжлэх ухаанчдын үзэж буйгаар аврага хэмжээтэй од хоорондын сүүлт од болж энэ сард, магадгүй бүр энэ жилийн одон орон судлалын хамгийн том мэдээ болон хувирлаа. Зургийн эх сурвалж: International Gemini Observatory / NOIRLab / NSF / AURA / K. Meech (IfA / Хавайн их сургууль) Зургийн боловсруулалт: Жен Миллер ба Махди Замани (NSF NOIRLab)

3I/ATLAS нэртэй сансрын биет сүүлийн үед одон орон судлалын хүрээнд анхаарлын төвд орж ирлээ. Алсын оддын аймагт үүссэн гэж таамаглагдаж буй энэ биет нь судлаачдад Сүүн замаас гадуурх объектуудын талаар шинэ мэдээлэл цуглуулах ховор боломжийг олгож байгаа юм. Гэвч arXiv цахим санд нийтлэгдсэн шинэ судалгаанд нэгэн сонирхолтой асуулт дэвшүүлжээ: 3I/ATLAS үнэхээр сүүлт од уу, эсвэл харь гаригийн ухаалаг төхөөрөмж байж болох уу?

Харь гаригийн таамагт эргэн орсон эрдэмтэн

Харвардын их сургуулийн одон орон судлаач, судалгааны хамтран зохиогч Авраам Лөб энэ төрлийн таамаг дэвшүүлсэн анхны хүн биш. Тэрбээр 2018 онд ‘Оумуамуа’ нэртэй оддын хоорондын биет нь харь гаригийн тандалтын төхөөрөмж байж болзошгүй гэж санал дэвшүүлж байсан. Энэ удаа тэрээр Британийн “Interstellar Studies” санаачилгын гишүүд Адам Хибберд, Адам Кроул нарын хамт 3I/ATLAS-ыг мөн адил хачирхалтай гаралтай байж болохыг анхааруулж байна.

Эдгээр судлаачдын гол зорилго бол 3I/ATLAS-ыг анхааралтай ажиглаж, өөр гаригийн технологи байж болох магадлалыг бүрэн үгүйсгэхгүй байхыг уриалж буй юм. Тэдний зүгээс энэ биет нь хүн төрөлхтөнд аюул занал учруулж болзошгүй оршин буй биет ч байж мэднэ хэмээн анхааруулсан нь заримд нь хэтрүүлэг мэт сонсогдож болох ч бүрэн үл тоомсорлоход бас эрт байна.

Хамгийн магадлалтай хариулт: Сүүлт од

3I/ATLAS бол манай нарны аймагт илрүүлсэн гурав дахь од хоорондын биет бөгөөд нэн түрүүнд астрономийн жилийн хамгийн чухал үйл явдлын нэг болж хувирсан. Судлаачид энэ ховор боломжийг ашиглан орчин үеийн хамгийн дэвшилтэт хэрэгслүүдээр уг биетийг нарийвчлан судалж байна.

Урьдчилсан мэдээллээр 3I/ATLAS нь 1.2 км урт, ойролцоогоор 7 тэрбум жилийн настай мөсөн сүүлт од байж болзошгүй гэж таамаглаж буй. Тэрбээр сансрын уудамд 1 секундэд 60 км-ийн хурдаар нисэж байгаа бөгөөд энэ намар Ангараг ба Бархасбадь гарагийн хооронд орших сүүлт оддын бүсийг дайраад, аравдугаар сарын сүүлээр нарны хамгийн ойр цэгт хүрэх төлөвтэй байна. Нарны дулааны нөлөөгөөр мөс нь ууршиж, түүний сүүл болон бүрхүүл улам тод харагдах магадлалтай.

Vera C. Rubin ажиглалтын төвийн шинэ өгөгдлүүдээс харахад 3I/ATLAS нь органик нэгдлүүд, цахиур болон нүүрстөрөгч агуулсан эрдсээс бүрдсэн бөгөөд найрлагын хувьд Ангараг ба Бархасбадь гарагийн хооронд орших астероидуудтай төстэй гэж үзжээ.

Гэвч судлаач Лөб тэргүүтэй багийхан яагаад харийн технологи гэж үзэж байна вэ?

Судалгааны ихэнх дүн 3I/ATLAS-ыг байгалийн гаралтай сүүлт од хэмээн тодорхойлж байхад, Авраам Лөб болон түүний баг Occam-ийн хуст хутгыг зөрчиж, илүү төвөгтэй хувилбарыг дэвшүүлсэн нь шинжлэх ухааны хүрээнд шүүмжлэл дагуулаад байна. Occam-ийн зарчим ёсоор, хамгийн энгийн, үндэслэлтэй тайлбар нь үнэн байх магадлалтай гэж үздэг. Энэ тохиолдолд 3I/ATLAS бол байгалийн гаралтай биет юм.

Гэхдээ эрдэмтэд заримдаа “гаж” зүйлст хариу хайж байхдаа харийн нөлөөг сэжиглэх нь бий. Түүхэнд олон удаа одон орон судлаачид тайлбарлаж чадаагүй үзэгдлийг анхандаа харийн оюун ухаантнуудтай холбож үздэг байсан нь эцэстээ энгийн байгалийн шалтгаантай болох нь тогтоогдож байв.

Тэгсэн ч Лөб, Кроул, Хибберд нарын асууж буй асуултууд тэнэглэл биш юм. Австралийн одон орон судлаач Сара Уэбб “3I/ATLAS шиг объектууд сансар огторгуйд хэчнээн сонин, гэнэтийн зүйлс нуугдаж байгааг бидэнд сануулдаг. Тэдгээрийн ихэнх нь байгалийн гаралтай ч, хамгийн хачирхалтай нь хоёр дахь удаа харах үнэ цэнтэй байдаг” хэмээн бичжээ.

Fermi-ийн парадокс ба “Харанхуй ой” онол

Лөб болон түүний багийн сэтгэл зовоосон таамаг нь Fermi-ийн парадокс хэмээх шинжлэх ухааны нэгэн гүнзгий асуудалтай холбоотой: Яагаад бид ямар ч харийн соёл иргэншлийн ул мөрийг олж чадахгүй байна вэ? 1950 онд физикч Энрико Ферми “Бүгд хаана байна вэ?” хэмээн асуусан. Орчлон ийм өргөн уудам, Сүүн зам ийм эртнийх атал яагаад бид ямар ч ухаалаг амьдралыг олж илрүүлээгүй хэвээр байна вэ?

Нэг тайлбар нь “Харанхуй ой” онол юм. Энэхүү ойлголтыг Хятадын зохиолч Лю Цишин “Гурван бие” цувралдаа дэвшүүлсэн. Үүний дагуу ухаалаг соёл иргэншлүүд бие биенээсээ нуугдаж, ямар ч холбоо тогтоохоос зайлсхийдэг. Учир нь ямар нэгэн гаднын соёл иргэншлийн зорилго, санааг урьдчилан таамаглах боломжгүй. Тиймээс бусдад мэдэгдэх нь өөрийгөө устгуулах эрсдэлийг үүрэхтэй адил.

Хэрвээ энэ биет “сэтгэлгээтэй” бол яах вэ?

Лөб нарын онолоор бол 3I/ATLAS хиймэл гаралтай байвал “идэвхтэй оюун ухаан”-тай байх магадлалтай. Энэ тохиолдолд уг объект нь найрсаг, эсвэл дайсагнасан зорилготой ч байж болно. Хэрвээ энэ нь хоргүй бол тайван байж болох ч, хэрвээ аюултай бол хүн төрөлхтөнд хамгийн том эрсдэл болох магадлалтай гэж үзэж байна.

Энэ нь ухаалаг амьдралд аюул учруулдаг Berserker хэмээх өөр нэг sci-fi таамагтай уялдаж байгаа юм. Уг онолоор орчлонгийн ухаалаг соёл иргэншлүүдийг өөрсдийгөө хувилдаг, хяналтаас гарсан хиймэл төхөөрөмжүүд (Von Neumann probes) устгадаг гэсэн сэжүүр бий.

Бид ганцаараа биш байж магадгүй

Энэ бүх таамаглал санаанд оромгүй мэт боловч бодит үндэслэлтэй хэсэг ч бий. Манай галактик 13 тэрбум жилийн түүхэндээ олон ухаалаг соёл иргэншлийг төрүүлсэн байж болох ба тэдгээрийн зарим нь бидэнтэй ижил, бүр илүү түвшинд од хоорондын тандалтын төхөөрөмж илгээх чадвартай байсан байх магадлалтай. Үнэндээ бид өөрсдөө ч аль хэдийнээ “Voyager 1, 2” болон “New Horizons” зэргийг од хоорондын чиглэлд хөөргөөд байна.

Тиймээс орчлонд биднээс өөр, өөрсдийн технологиор зэвсэглэсэн “айлчлагчид” нэг л өдөр манай хаяагаар дайрахгүй гэх газаргүй. Хамгийн гол нь, тэр үед тэд найрсаг байгаасай гэж найдах л үлдэж байна.

Эх сурвалж:

What do you think?

Шоргоолжны хатан хэрхэн тодордог вэ? Эрдэмтэд нууцыг нь тайллаа

Шоргоолжны хатан хэрхэн тодордог вэ? Эрдэмтэд нууцыг нь тайллаа

“Фүжиан” хөлөг: Хятадын “живдэггүй” нисэх онгоц тээгчийг дэлхийн тэнгисийн хүчнүүд анхааралтай ажиглаж байна

“Фүжиан” хөлөг: Хятадын “живдэггүй” нисэх онгоц тээгчийг дэлхийн тэнгисийн хүчнүүд анхааралтай ажиглаж байна