Харамсалтай нь, нийгмийн сүлжээн дэх зарим постууд биднийг ёс суртахууны уур бухимдлаа илэрхийлэхэд хүргэхээр зориуд бүтээгдсэн байдаг. Учир нь бид ууртай байх тусам биднийг удирдах илүү хялбар болдог. Түүнчлэн, бухимдсан хүн онлайн маргаанд орооцолдож, платформ дээрээ удаан хугацаагаар үлдэх магадлал өндөр байдаг нь түүний хөгжүүлэгчдэд ашигтай.
Гэвч биднийг энэ ‘цахим уур хилэн’-д өдөөн хатгаж буй хүмүүсийн хэн нь ч энэ нь бидний эрүүл мэндэд хэрхэн хортой нөлөө үзүүлдгийг бодолцдоггүй. Интернэтээс үүдэлтэй сөрөг сэтгэл хөдлөлийн хор уршгийг багасгахын тулд түүнтэй хэрхэн зөв харьцаж сурах нь чухал юм. Үүнийг даван туулах хэд хэдэн аргыг энд хүргэж байна.
Цахим хэрэглээгээ хянаж сур
Таныг уурлуулдаг, таагүй сэтгэгдэл бичдэг интернет троллуудтай маргаанд оролцохын оронд тэднийг блоклох талаар бодоод үзээрэй.
“Мөн хөтөч болон нийгмийн сүлжээний тохиргоог өөрчлөн, өөрийг тань бухимдуулж болохуйц сэдвүүдийн талаарх мэдээний гарчиг болон хүмүүсийн постуудыг цөөн харагдуулахаар зохицуул.
Онлайн эхо-өрөөнд амьдрах нь тийм ч сайн зүйл биш ч, нийгмийн сүлжээний хэрэглээ чинь цэвэр стресс болж хувирахгүй байхаар чөлөөтэй, аюулгүй орон зайтай байх нь чухал юм.
Жишээлбэл, платформуудыг өөр өөр хэрэгцээнд тохируулан ялган ашиглаж болно: Нэгийг нь зөвхөн найзуудтайгаа харилцахад ашиглаж, мэдээний лент харалгүй байх, нөгөөг нь сүүлийн үеийн үйл явдал, шинэ мэдээллийг авахад зориулах. Ингэснээр чи юу хүлээж байгаагаа мэдэж, мөн аппликейшнүүдээ сэтгэлзүйн байдалд чинь сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар тохируулж чадна.
Уур хүрч эхлэх бүрт түр завсарлага ав
Хэрэв ярилцаж байгаа хүн, эвсэл хэн нэгэн таныг зориуд маргаан руу татаж байна гэж мэдрэх эсвэл хэлэлцүүлэг хэтэрхий ширүүн болж эхэлбэл дэлгэцээс түр холдож, завсарлага аваарай.
Анхаарлаа илүү таатай, тайвшруулах зүйлд хандуул. Хэн ч, тэр дундаа интернэт, сошиал дэх танихгүй хүмүүс, таны цаг зав, анхаарлыг хүсээгүй байхад чинь шаардах эрхгүй. Хэрэв энэ нь танд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байвал бүр ч түүнд автах шаардлагагүй.
Гадаа гарч цэвэр агаарт алх, дасгал хий, эсвэл ширээний шургуулгаа цэгцэл. Анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлж, тухайн цаг мөчид төвлөрөхөд туслах, оюун санаагаа цэгцлэх ямар нэг зүйл хийгээрэй.
Ямар нэгэн постны дор сэтгэгдэл үлдээхээсээ өмнө гурван удаа бод
Мэдээ эсвэл санал нийлэхгүй байгаа постод уурлах, бухимдах нь зөвхөн сэтгэл хөдлөлөөр зогсохгүй, зуршил болж хувирч болзошгүй. Гэвч бид энэ төрөлхийн хариу үйлдэлд автаж, сэтгэгдэл бичих тусам нийгмийн сүлжээтэй харилцах эрүүл бус хэв маягийг хөгжүүлэх магадлал нэмэгддэг.
Ямар нэг зүйлд сэтгэгдэл бичихээсээ өмнө эхлээд тайвширч, эрүүл ухаанаар бодож чадаж байгаа эсэхээ шалгаарай. Хэрэв тухайн сэдэв таныг хэт их түгшээж, ямар нэг зүйл бичих нь зүйтэй мэт санагдаж байвал урт, сэтгэл хөдлөлд автсан үгсийн оронд товч, тодорхой, шударга байр суурь илэрхийлэхийг хичээгээрэй.
Мөн ямар нэгэн пост, мэдээний дор сэтгэгдэл бичихээсээ өмнө гурван удаа бодож байх нь зүйтэй. Таны хариу нь хэн нэгнийг гомдоох, түүний сэтгэл хөдлөлийг дордуулах, эсвэл маргаан үүсгэх магадлал хэр өндөр вэ гэдгийг тунгааж үзээрэй. Хэрэв ийм магадлал өндөр гэж үзэж байвал, та зөв байсан ч гэсэн сэтгэгдэл бичихээс зайлсхийсэн нь дээр.
Интернэт, сошиалд байгаа хүмүүст ямар нэг зүйл батлах эсвэл таарсан хүн бүрийг өөрчлөх гэж цаг, эрч хүчээ зарцуулах хэрэггүй. Тийм ээ, мэдлэггүй, худал мэдээлэлтэй, эсвэл сэтгэл хөдөлгөсөн постуудыг унших нь таагүй байдаг ч, тэдгээрт хариу үйлдэл үзүүлэх нь ёс суртахууны хувьд туйлдахтай харьцуулбал үнэ цэнэтэй биш гэдгийг санах нь чухал.
Хүмүүс үргэлж логик, ойлгомжтой дуу хоолойд анхаарал хандуулдаггүй. Тиймээс таныг бухимдуулж буй эх сурвалжтай шууд харилцахын оронд, хэрэв тэр пост эсвэл аккаунт шударга бус эсвэл зэвүүцмээр зүйл агуулаад байвал зохих товчийг дарж гомдол /report/ мэдүүлсэн нь дээр.
News feed-ээ эцэс төгсгөлгүй гүйлгэхээс татгалз
News feed-ээ бодлогогүй гүйлгэх нь өөрийгөө хуурч, ингэснээр амарч, цагийг сайхан өнгөрөөж байна гэж итгэх нэг арга байж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ үйлдэл уйтгарыг арилгадаггүй, аз жаргал нэмдэггүй, харин эсрэгээрээ ихээхэн сөрөг нөлөө дагуулж болзошгүй.
News feed-ээ гүйлгэж байхдаа чи уур бухимдал төрүүлэх постуудтай таарах магадлал өндөр байдаг. Үүний оронд онлайн орчинд өнгөрөөж буй цагаа илүү утга учиртай, төвлөрсөн байлгаж, түүнээс аль болох их ашиг тус авахыг хичээх нь дээр.
Чи доромжлол, худал мэдээлэл эсвэл шар мэдээ нийтэлдэггүй тодорхой эх сурвалжаас мэдээ унших эсвэл сонирхож буй салбартаа шинэ зүйл сурахыг хүсвэл холбогдох сэдэвчилсэн бүлгүүдэд нэгдэх боломжтой. Энэ нь уур бухимдлаа багасгах, асуултынхаа тодорхой хариултыг олох, мөн хэрэггүй, сэтгэл гонсойлгосон харилцаанаас зайлсхийхэд тусална.
Уур бухимдлаа эрүүл аргаар тайлж сур
Таагүй нөхцөл байдлыг үргэлж урьдчилан сэргийлж чадахгүй ч, тийм зүйл тохиолдсон үед өөрийн хариу үйлдлээ хянах боломжтой.
Уур бухимдал, сэтгэл гонсойх мэдрэмжийг мэдрэхэд ямар ч буруу зүйл байхгүй, гэхдээ тэдгээрийг зөв аргаар тайлж сурах нь чухал. Онлайн маргаанд оролцох эсвэл хорон сэтгэгдэл бичихийн оронд бухимдлаа эрүүл аргаар гаргаарай: Өдрийн тэмдэглэлдээ сэтгэл дундуур байгаагаа бичих, чамайг зовоосон сэдвийн талаар таван минутын турш чангаар бодлоо илэрхийлэх, амьсгалын дасгал хийх эсвэл 10 удаа суниалт хийж бухимдлаа гаргахыг оролдоорой.
Өөртөө нэгэн дүрэм болгон тогтоо: Уураа тайлах үйл явц нь монитор болон keyboard, утаснаас хол байх ёстой. Харин энэ мэдрэмжийг даван туулах бусад үр дүнтэй аргуудыг доороос уншаарай.
Үндсэн мэдрэмжүүдээ ойлгож сур
Түр зогсож, уур хилэнгийн цаана ямар мэдрэмжүүд нуугдаж байж болохыг бодож үзэх нь тустай байж магадгүй. Учир нь уур ихэвчлэн бидний өвдөлттэй мэдрэмжийг нуух хамгаалалтын баг болж ашиглагддаг.
Жишээлбэл, хэрэв найзын чинь далайн эрэг дээр сайхан амарсан талаараа бардамнан бичсэн пост чамайг бухимдуулсан бол асуудал нь текстийн ихэмсэг байдал эсвэл найзын чинь дүр эсгэсэн аз жаргалд биш, харин чиний бусдын амьдралд атаархах сэтгэлд байж магадгүй. Өөрөөр хэлбэл, чи дэлгэцэн дээрх зүйлд бус, харин танил хүн чинь чамаас илүүг өөртөө зөвшөөрч байгаад л бухимдаж байна гэсэн үг.
Өөр нэг жишээг авч үзье: Чи сошиал хэлэлцүүлэг дээр өөрийнхөөс эсрэг байр суурь илэрхийлсэн хэн нэгний хэлсэн зүйлээс болж уур хилэн дүрэлзсэн гэж бодъё. Тэр хүнийг үнэмшүүлэх гэж оролдохоосоо өмнө өөрөөсөө асуугаарай: Яагаад энэ чамд ингэж их нөлөөлөв? Энэ тохиолдолд чиний уур хилэн нь бусдаар хүлээн зөвшөөрөгдөхгүй, ойлгогдохгүй байгаа мэдрэмжтэй холбоотой байж болох ба мөн өөрийгөө буруу байж магадгүй гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байдлаас үүдсэн байх магадлалтай.
Цахим уур хилэнгийн үеэр хийсэн өөрийгөө шинжлэх үйл явц нь таны сул талуудыг таньж мэдэхэд тусалж, өөртэйгөө харилцах харилцаагаа сайжруулах, мөн мэдээ болон нийгмийн сүлжээний өдөөгч зүйлсэд илүү тайван хандаж сурах боломжийг олгоно.