Австралийн Кортекслэбс компани хүний тархины мэдрэлийн эсүүд дээр суурилсан CL1 биокомпьютерүүдээрээ Мельбурн, Сингапурт “биологийн дата төв” байгуулахаа зарлалаа. Тус төхөөрөмж бүрт 20 мянган мэдрэлийн эсийг олон сувгийн чип дээр ургуулсан бөгөөд уламжлалт GPU серверүүдийн оронд ашиглагдах юм.
Технологийн томоохон компаниуд болох Google, Amazon, Microsoft, OpenAI нар хиймэл оюун ухааны загваруудыг сургалт, ажиллуулахын тулд дата төвүүдэд ихээхэн хөрөнгө оруулж буйтай зэрэгцэн Кортекслэбс эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлийг санал болгож байна. Тэдний CL1 систем нь гар тооцоолуурынхаас бага эрчим хүч хэрэглэдэг гэж компанийн гүйцэтгэх захирал Хон Вэн Чонг Bloomberg-д ярьжээ.
Эдгээр биокомпьютерууд нь цусны үндсэн эсээс ургуулсан мэдрэлийн эсүүдэд цахилгаан дохио илгээж, тэдний хариу үйлдлийг тооцооллын гаралт болгон ашигладаг. Өмнө нь Кортекслэбс DOOM тоглоомыг мэдрэлийн эсээр тоглуулсан видеоо олон нийтэд үзүүлсэн юм.
Мельбурн дахь дата төвд 120 CL1 нэгж байршуулж, Сингапурт үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуульд 20 нэгжтэй туршилтын төв байгуулна. Сингапурын DayOne компанитай хамтран ажиллаж, цаашид 1000 нэгж хүртэл өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.

