Японы Hayabusa2 сансрын хөлөг Ryugu астероидоос авсан дээжид ДНХ, РНХ-ийн таван үндсэн нуклеобаз агуулагдсаныг баталжээ.
Японы астробиологичдын баг Hayabusa2 миссийн хүрээнд Ryugu астероидоос дэлхийд авчирсан 5.4 грамм материалын хоёр дээжид ДНХ, РНХ-ийн үндсэн таван нуклеобаз болох аденин, гуанин, цитозин, тимин болон урацил молекулуудыг илрүүлсэн байна. Эдгээр молекулууд нь амьдралын генетикийн мэдээллийг дамжуулах суурь бүрэлдэхүүн бөгөөд Ryugu-ийн гадаргуу болон гадаргуугийн доорх хэсгээс авсан дээжүүдэд ойролцоо хэмжээгээр агуулагдсан нь онцлог юм.
Мөн уг судалгаагаар эдгээр нуклеобазууд нь Ryugu астероид дээр төдийгүй NASA-ийн OSIRIS-REx миссээр судлагдсан Bennu астероид дээр ч ижил химийн замаар үүссэн байж болзошгүйг тогтоожээ. Bennu-д пиримидин төрлийн цитозин, тимин, урацил давамгайлдаг бол Австралид 1969 онд унасан Murchison метеорит нь пурин төрлийн аденин, гуанин ихтэй байсан нь ялгаатай. Ryugu нь эдгээрийн хооронд тэнцвэртэй хольцтой бөгөөд Bennu, Ryugu хоёр нь ус ихтэй нэг эх биеэс үүссэн гэж үздэг.
Эдгээр нуклеобазууд сансарт ямар нөхцөлд хэрхэн үүссэн нь тодорхойгүй хэвээр байгаа ч Ryugu, Bennu хоёрын органик молекулын баялаг нь амьдралын эх үүсвэрийн судалгаанд чухал нотолгоо болж байна. Астероидуудаас амьдралын суурь молекулууд дэлхийд хүрсэн эсэх нь тодорхойгүй ч тэдгээрийн элбэг байдал нь амьдрал үүсэх нөхцөл сансарт ховор биш байж болохыг илтгэнэ.
Энэхүү судалгаа Nature Astronomy сэтгүүлд нийтлэгдсэн байна.
https://www.nature.com/articles/s41550-026-02791-z

