Неандертальчууд шарх эмчлэхэд нилүүрийн тосыг ашиглаж байсан байж болзошгүй нь тогтоогдлоо.
Эртний хүмүүс чулуун хэрэгслийг модон бариултай бэхлэхэд голчлон хэрэглэдэг байсан нилүүрийн тос нь эрүүл мэндийн ач холбогдолтой болохыг шинэ судалгаа харуулж байна. Нилүүрийн модны холтосноос гаргаж авдаг энэхүү тосыг 180,000 жилийн өмнөх неандертальчуудын суурин газраас олж илрүүлсэн бөгөөд эртний хүмүүс болон зарим уугуул овог аймгууд өнөөг хүртэл хэрэглэж ирсэн.
Ялангуяа Канадын зүүн хэсгийн Микмак, Скандинавын хойгийн Саами ард түмэн нилүүрийн тосны хандмалыг шархыг грам эерэг бактериар халдварлахаас сэргийлэхэд ашигладаг. Эдгээр нь шархыг халдварлуулдаг хамгийн түгээмэл нян бөгөөд грам сөрөг нянгаас ялгаатай нь нянгийн эсрэг бодисуудаас хамгаалдаг нэмэлт гадна бүрхүүлгүй байдаг.
Судлаачид неандертальчууд амьдарч байх үед Европт элбэг байсан хоёр зүйлийн нилүүрийн модноос тос гаргаж авчээ. Тэд эртний болон орчин үеийн аргуудыг ашиглан тос гаргаж, үр дүнгээ судалсан байна. Бүх гурван аргын туршилтаар гаргаж авсан нилүүрийн тос нь грам сөрөг нян болох E. coli-д нөлөөлөлгүй, харин S. aureus-ын тархалтыг дарангуйлсан нь неандертальчуудын хийсэн тос нь Микмак, Саами нарын хийсэн тостой адил үр дүнтэй байсныг харуулж байна.
Энэхүү судалгааны үр дүн нь неандертальчууд болон эртний хүмүүс шархны халдвараас сэргийлэх эмчилгээний чадвартай байсныг баталж байна. Энэ нь тэдний өвчний ачааллыг хэрхэн бууруулж байсан болон эртний нийгэмлэгүүдэд эрүүл мэндийн тусламж хэрхэн зохион байгуулагддаг байсан тухай ойлголтыг нэмэгдүүлж байна.
https://www.iflscience.com/neanderthals-were-chemists-analysis-of-ancient-glue-reveals-69136/
https://www.researchgate.net/profile/Tjaark-Siemssen-2

