Netflix болон Ubisoft хамтран бүтээж буй “Assassin’s Creed” цувралын гол уран бүтээлчид болон найруулагчийн нэр тодорч, 2026 оноос эхлэх зураг авалтын бэлтгэл хангагдаж байна.
Одоогоор есөн жүжигчин тус цувралд тоглохоор баталгаажсан ч тэдний гүйцэтгэх дүрүүд тодорхой болоогүй байна. Энэхүү цувралд Тоби Уоллес, Закари Харт, Лола Петтикрю, Лаура Маркус, Танзин Кроуфорд, Нуми Рапас, Рамзи Бедиа, Шон Харрис, Коррадо Инверниззи, Клаес Банг, Набхаан Ризван нар тоглоно. Тэдний өмнөх уран бүтээлүүдээс дурдвал, Уоллес “The Bikeriders”, “Babyteeth” кинонуудад, Харт “Slow Horses” цувралд, Петтикрю “Say Nothing” цувралд, Маркус “Death by Lightning” болон удахгүй гарах “The Hunger Games: Sunrise on the Reaping” кинонд, Кроуфорд “A Knight of the Seven Kingdoms” цувралд тоглосон билээ. Мөн Рапас “Prometheus”, Бедиа “Haunted Minds”, Харрис “Mission: Impossible”, Инверниззи “Indiana Jones and the Dial of Destiny”, “Ford v Ferrari” зэрэг бүтээлүүдээр үзэгчдэд танигдсан.
Netflix-ийн ерөнхий найруулагч Питер Фридландер хэлэхдээ, “2020 онд Ubisoft-тай түншлэлээ зарласнаас хойш “Assassin’s Creed”-ийн өргөн цар хүрээтэй ертөнцийг шинэлэг байдлаар амь оруулна гэсэн зорилт тавьсан. Олон жилийн шаргуу хөдөлмөр, хамтын ажиллагааны үр дүнд энэ төсөл өндөр түвшинд хүрч, “Assassin’s Creed” франчайзын уламжлалыг хүндэтгэсэн, шинэ болон хуучин фэнүүдийг цоо шинэ адал явдалд урих нь үнэхээр гайхалтай” хэмээжээ.
“Assassin’s Creed” цувралыг HBO-гийн “Chernobyl” цувралаар Emmy шагнал хүртсэн, нэрт найруулагч Йохан Ренк найруулна. Тэрээр “Breaking Bad”, “Bloodline”, “The Walking Dead” зэрэг алдартай цувралуудыг найруулж байсан бөгөөд “The Last of Us” цувралын анхны ангийг найруулахаар байсан ч хуваарийн зөрчлөөс болж цуцалсан юм. Ренк нь клип найруулагчаар болон өөрийн уран бүтээлээрээ ч алдаршсан бөгөөд 1993 онд гаргасан “Here We Go” дуу нь чартуудад тэргүүлж байжээ.
Уг цувралын зураг авалт энэ онд Италид эхлэх бөгөөд тус улс цувралын гол байршил болох төлөвтэй байна. Цувралын цаг хугацааны талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа ч “Assassin’s Creed” тоглоомууд түүхийн янз бүрийн үеүдэд болон орчин цагт өрнөдөг билээ. Цувралын шоураннераар “Westworld”-ийн Роберто Патино болон “Halo”-гийн Дэвид Винер нар ажиллаж байгаа бөгөөд өмнөх шоураннер Жеб Стюарт үзэл баримтлалын зөрчлөөс болж 2023 онд ажлаа хүлээлгэн өгч байсан юм. 2016 онд Майкл Фассбендер гол дүрд нь тоглосон “Assassin’s Creed” кино 120 сая долларын төсөвтэй хийгдэж, дэлхий даяар 240 сая гаруй долларын ашиг олсон билээ.
Netflix нь энэхүү live-action цувралаас гадна “Assassin’s Creed”-ийн сэдэвтэй анимэйшн цуврал мөн бүтээж байгаа бөгөөд Ubisoft компани Netflix Games-д зориулсан шинэ “Assassin’s Creed” тоглоом хөгжүүлж байна. Үүнээс гадна Ubisoft-ийн “Far Cry” франчайз Hulu платформ дээр цуврал болон гарах юм. “Assassin’s Creed Shadows” нь энэ оны гуравдугаар сард худалдаанд гарсан хамгийн сүүлийн үеийн тоглолт бөгөөд “Assassin’s Creed IV: Black Flag”-ийн remake болох “Resynced” нэртэй тоглоом гарах төлөвтэй байна. Түүнчлэн “Assassin’s Creed Jade” (гар утасны тоглоом), “Assassin’s Creed Codename Hexe” (16-р зуунд өрнөнө), “Assassin’s Creed Invictus” (олон тоглогчтой тоглоом) зэрэг хэд хэдэн шинэ тоглоом хийгдэж байна.

