Эрдэмтэд дэлхийтэй ижил төстэй, амьдрал орших боломжтой 45 экзопланетыг олж нээжээ.
Олон улсын эрдэмтдийн баг Европын сансрын агентлагийн Gaia болон НАСА-гийн экзопланетын мэдээллийн сангаас авсан өгөгдлийг ашиглан дэлхийгээс гадна амьдрал орших хамгийн өндөр магадлалтай гаригуудыг шалгаруулсан байна. Корнелл Их сургуулийн Карл Саганы хүрээлэнгийн захирал, профессор Лиза Калтенеггерийн удирдсан энэ судалгаа нь 6,000 гаруй экзопланетыг судалжээ. Тэдгээр гаригуудын нарны гэрэл хэр хэмжээтэй авдаг, хэмжээ, масс, нас, тойрог замын хэлбэр зэргийг харгалзан үзсэн байна.
Судалгааны үр дүнд “бодит амьдралтай бүс”-д багтах 45 гаригийг тодорхойлсон бол илүү хатуу шалгууртай “3D амьдралтай бүс”-д 24 гариг багтжээ. Энэхүү судалгааны зорилго нь амьдрал орших боломжтой шилдэг газруудыг тодорхойлох байсан юм.
Эдгээр экзопланетууд нь амьдрал орших хамгийн өндөр магадлалтай гэж үзэгдэж байгаа ч тэдгээрийн агаар мандлыг хадгалах чадвар, амьдрал үүсэхэд шаардлагатай эд ангиудыг агуулж байгаа эсэх зэрэг олон хүчин зүйлийг цаашид судлах шаардлагатай юм. Гэсэн хэдий ч энэ жагсаалт нь цаашдын ажиглалт, судлагааны чухал эхлэл болж байна.
Эрдэмтэд нарны системийн хувьд дэлхий, Венера, Марс зэрэг гарагуудыг жишээ болгон авч, тэдгээр нарны энергийг ямар хэмжээтэй авч байгааг харьцуулан судалсан байна. Ийм байдлаар амьдрал орших бүс хэрхэн алдагдаж, хэт их энерги ямар нөлөө үзүүлдэг, ямар гаригууд амьдралтай хэвээр үлддэг болон хэзээ ч амьдралтай байгаагүй болохыг ойлгох боломжтой юм.
Судалгааны үр дүн “Monthly Notices of the Royal Astronomical Society” сэтгүүлд нийтлэгджээ.

