ОХУ Украин руу цөмрөн орсноос хойш Финланд улсад эмэгтэйчүүдийн дунд цэргийн бэлтгэл хангах, галт зэвсэг эзэмших сонирхол эрс нэмэгджээ.
Финланд улс ОХУ-тай 1,343 км урт шугамаар хил залгадаг бөгөөд 1939-1940 оны “Өвлийн дайн”-аар Зөвлөлт Холбоот Улсад газар нутгаа алдаж байсан гашуун түүхтэй. Энэхүү түүхэн сургамж нь өнөөгийн аюулгүй байдлын талаарх иргэдийн ухамсар, сонор сэрэмжид хүчтэй нөлөөлж байна. Финландын засгийн газар “цогц аюулгүй байдал”-ын стратегийг хэрэгжүүлж, нийгмийн бүх бүрэлдэхүүн хэсгийг улс орноо хамгаалах үйлсэд татан оролцуулж байгаа юм.
“Эмэгтэйчүүдийн үндэсний онцгой байдлын бэлэн байдлын холбоо” (Naisten Valmiusliitto) нь галт зэвсэгтэй шууд харьцахгүй ч аюулгүй байдал, бэлэн байдлын тусгай сургалтуудыг зохион байгуулдаг. Тэд анхны тусламж үзүүлэх, хээрийн нөхцөлд хоол хийх, хүндрүүлсэн замаар жолоодох зэрэг амьд үлдэх ур чадваруудыг эзэмшүүлдэг байна. Украины дайн эхэлснээс хойш эдгээр сургалтуудад хамрагдах хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо огцом өсөж, бүртгэл эхэлмэгц хэдхэн минутын дотор дүүрдэг болжээ.
Мөн “Үндэсний батлан хамгаалах сургалтын холбоо” (MPK) иргэдэд зориулсан цэргийн бэлтгэл явуулдаг бөгөөд үүний дотор буудлагын сургалт хамгийн их эрэлттэй байна. 2021 онд тус холбооны сургалтын өдөр 48,000 байсан бол 2025 онд энэ тоо 149,000-д хүрчээ. Үүний 32,000 гаруй нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан байна.
Финланд улс нь Европын Холбооны орнууд дундаа галт зэвсгийн эзэмшлээр дээгүүрт бичигддэг. Одоогийн байдлаар улс даяар 670 гаруй буудлагын талбай ажиллаж байгаа бөгөөд цаашид энэ тоог 1,000-д хүргэхээр төлөвлөж байгаа аж. Иргэдийн дунд эх орноо хамгаалах үзэл маш өндөр байгаа бөгөөд 2025 оны сүүлчээр хийсэн судалгаагаар оролцогчдын 80 хувь нь халдлага гарсан тохиолдолд үндэсний батлан хамгаалалтад биечлэн оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

