Шинэ судалгаагаар орчин үеийн хүн буюу Homo sapiens болон неандертальчуудын амьдрах орчны зохион байгуулалт нь тэдний нийгэм, зан үйлийн томоохон ялгааг илтгэж байгааг тогтоожээ.
Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон судалгаа орчин үеийн хүмүүс болон неандертальчуудын хоорондын ижил төстэй талуудыг онцлох болсон. Биеийн бүтэц, тархины хэмжээ, багаж хэрэгсэл ашиглах, тэр байтугай урлаг бүтээх чадвар нь хоорондоо тун төстэй байжээ. Харин археологичид саяхан тэдний амьдрах орчноо хэрхэн зохион байгуулдаг байсныг нарийвчлан судалж эхэлсэн нь шинжлэх ухааны чухал ач холбогдолтой юм. Энэ нь сүүлчийн плейстоцений үед (ойролцоогоор 129,000-11,700 жилийн өмнө) хүний зан үйл хэрхэн хувьсан хөгжсөнийг ойлгоход тусалдаг.
Археологийн олдворуудад хийсэн задлан шинжилгээ нь тухайн үеийн хүмүүсийн үйл ажиллагаа, суурьшлын динамик болон нийгмийн зохион байгуулалтын талаарх бодитой ойлголтыг өгдөг. Өөрөөр хэлбэл, агуй болон сууцны дотоод зохион байгуулалт нь тухайн бүлгийн нийгмийн харилцааг шууд илтгэдэг байна. Энэхүү судалгаанд тусгай статистик арга ашиглан 21 археологийн олдворыг судалжээ. Судлаач Аманда Мерино-Пелаз болон Лусиа Кобо Санчес нар байршлын кластерын хүч, ижил үйл ажиллагаанд ашиглагдсан байх магадлал, тухайн газарт байсан “төвүүдийн” тоо (гал тогоо, багаж хийх газар) болон кластерын хэмжээ зэргийг нарийвчлан тооцсон байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд орчин үеийн хүний сууцнууд ихэвчлэн илүү нягт зохион байгуулалттай, хог хаягдал болон багаж хэрэгслийг тусад нь, тодорхой хэсгүүдэд бүлэглэсэн байжээ. Үүний эсрэгээр, неандертальчуудын сууц нь илүү бүдгэрсэн хил хязгаартай, үйл ажиллагааны давхцал ихтэй байв. Гэсэн хэдий ч зарим неандертальчуудын сууц орчин үеийн хүнийхтэй адил нягт зохион байгуулалттай байсан нь тэдний дунд ч бас хувьслын явц явагдаж байсныг харуулж байна.
Энэхүү судалгаа нь зөвхөн гал төвлөрсөн орчноос илүү “гэр” төвтэй, нарийн зохион байгуулалт руу шилжих шилжилтийг илтгэж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн нүүдлийн эсвэл удаан хугацаагаар оршин сууснаар тайлагдахгүй бөгөөд орон зайг зохион байгуулах, ашиглах арга барил хувьсан өөрчлөгдсөнийг баталж байна. Энэхүү хувьсал нь нэгэн хэвийн бус, мозайк хэлбэрээр явагдаж, орон зайн эмх цэгц болон нийгмийн зохицолдол цаг хугацааны явцад тасралтгүй нэмэгдэж ирснийг харууллаа.

