Алдарт “Baywatch” цувралын шинэ ангийн зураг авалт албан ёсоор эхэлж, гол дүрийн жүжигчид анхны төрхөө цахим орчинд хуваалцжээ. Энэхүү төсөлд Хасси Харрисон, Брүүкс Нейдер, Ливви Дунн нараас гадна Ноа Бек, Стивен Амелл зэрэг алдартнууд нэгдсэн байна.

Энэ долоо хоногт Вэнис бич (Venice Beach) эрэг дээр жүжигчдийг зураг авалт хийж байх үеэр нь папарациуд дурандсан байна. Тэд цувралын бэлгэ тэмдэг болсон улаан өнгийн усны хувцастайгаа элсэрхэг эрэг дээр гүйж, далайн давалгаан дундаас гарч ирж буй хэсгүүдийн зураг авалтад оржээ. Энэ нь 20 гаруй жилийн дараа “Baywatch”-ийн өвөрмөц уур амьсгалыг дэлгэцнээ дахин амилуулж буй хэрэг юм.
“Yellowstone” цувралаар үзэгчдэд танигдсан жүжигчин Хасси Харрисон шинэ цувралын гол дүрүүдийн нэгээр тодорчээ. Тэрээр серфинг самбар барин далайн эрэг рүү яарч буй аврагчийн дүрийг бүтээж байгаа бөгөөд түүний оролцоо “Yellowstone”-ийн үнэнч үзэгчдийг энэхүү төсөл рүү татах нэгэн хөшүүрэг болж байна.
Жүжигчин Шаи Митчелл мөн “Baywatch”-ийн хамгийн алдартай зураглал болох “удаашралтай гүйлт”-ийн хэсэгт тогложээ. Тэрээр өөрийн Инстаграм хуудсандаа улаан усны хувцастай зургаа нийтэлж, “Далайн давалгаанд цохиулахаас өмнө амжиж селфи хийлээ” хэмээн хошигносон байна.
Түүнчлэн LSU-ийн гимнастикч асан, сошиал медиа од Ливви Дунн болон Ноа Бек нар зураг авалтын талбай дээр олны анхаарлыг татаж байв. Ливви Дунн өөрийн цахим хуудсандаа “Би бодит амьдрал дээр аврагч биш ч телевизийн дэлгэцнээ тэр дүрд тоглох болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
“Sports Illustrated” сэтгүүлийн загвар өмсөгч Брүүкс Нейдер энэхүү цувралд Селена хэмээх дүрийг бүтээж байна. Тэрээр өмнө нь тус сэтгүүлийн нүүрэн дээр улаан усны хувцастай зургаа авахуулж байсан бөгөөд энэхүү дүрд тоглох нь түүний удаан хугацааны хүсэл байсныг онцолжээ.
Анхны “Baywatch” цуврал 1989-2001 оны хооронд нийт 11 улирал цацагдаж, дэлхийн хамгийн их үзэгчтэй телевизийн бүтээлүүдийн нэг болж байсан түүхтэй. Одоогоор шинэчилсэн хувилбарын нээлтийн тов хараахан тодорхой болоогүй байна.

