Өмнөд Солонгосын “Pearl Abyss” компани олны анхаарлыг татаж буй “Crimson Desert” төслийнхөө хөгжүүлэлтийн явцад AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн дүрслэлийг ашигласнаа албан ёсоор баталлаа. Тоглоомын зарим хэсэгт AI-ийн элементүүд багтсан тухай шүүмжлэл цахим орчинд хүчтэй өрнөсний дараа тус компани тайлбар хийсэн юм.
Хөгжүүлэгчдийн зүгээс X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан гаргасан мэдэгдэлдээ, тоглоомын бүтээх явцад AI ашигласан урлагийн бүтээлүүдийг оруулсан нь үнэн бөгөөд үүнийгээ хэрэглэгчдэд ил тод мэдээлээгүйдээ хүлцэл өчжээ. Тэд одоогоор тоглоомын бүх хэсэгт “цогц хяналт шалгалт” хийж байгаа бөгөөд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн бүх контентыг хүний гараар бүтээсэн эх хувиар солихоор ажиллаж байгаагаа онцолсон байна.
Анх Reddit платформын хэрэглэгч Rex_Spy тоглоомын зарим хэсгээс AI-аар бүтээгдсэн байж болзошгүй согогтой дүр төрхүүдийг илрүүлж, скриншотоор баримтжуулан олон нийтэд дэлгэсэн юм. “Pearl Abyss” компани үүнийг “Зөвхөн хөгжүүлэлтийн дотоод туршилтын зорилгоор ашиглаж байсан бөгөөд эцсийн хувилбарт гаргахаас өмнө бүгдийг нь солихоор төлөвлөж байсан” гэж тайлбарлажээ.
Тоглоом сонирхогчдын дунд AI-ийн хэрэглээ нь уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг гэх шүүмжлэл байнга дагалддаг тул “Crimson Desert”-ийн энэхүү алхам нь тэдний нэр хүндэд тодорхой хэмжээний сорилт болж байна. Тус компани цаашид хэрэглэгчдийн итгэлийг эргүүлэн олж авахын тулд контент бүтээх үйл явцдаа илүү хариуцлагатай хандахаа амлалаа.

