Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн улам ширүүсэж, Израил улс Ливаны өмнөд хэсгийг тус улсын бусад бүс нутгаас таслах зорилгоор Литаны гол дээгүүрх стратегийн ач холбогдолтой гүүрүүдийг ням гарагт бөмбөгдөн сүйтгэлээ.
Израил болон “Хезболла” бүлэглэлийн хоорондох дайн 3-р сарын 2-ноос хойш шинэ шатанд гарч, эрчимжиж байгаа бөгөөд ням гарагт Израил Тир хотын ойролцоох Касмие гүүрийг (Qasmiyeh Bridge) агаараас цохилт өгч устгасан байна. Энэхүү гүүр нь Ливаны өмнөд болон төв хэсгийг холбодог эргийн хурдны замын гол зангилаа юм. Израил улсын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац “Хезболлагийн дайчид болон зэвсэг хэрэгслийг өмнөд зүг рүү нэвтрүүлэхгүй байхын тулд Литаны гол дээгүүрх бүх гүүрийг устгах тушаал өгсөн” гэж мэдэгдсэн байна.
Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун энэхүү үйлдлийг “хуурай замын довтолгооны эхлэл” хэмээн тодорхойлж, иргэний дэд бүтцийг системтэйгээр устгаж байгааг олон улсын эрх зүйн ноцтой зөрчил гэж шүүмжиллээ. Ням гарагийн халдлагаас өмнө 3-р сарын 13 болон 18-нд мөн Литаны голын хэд хэдэн гүүрийг устгаад байсан юм.
Одоогийн байдлаар Ливанд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэж, хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас Израил улсын өргөн хүрээтэй нүүлгэн шилжүүлэх тушаалуудыг шүүмжилж, энэ нь олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжид нийцэхгүй байх эрсдэлтэйг анхааруулсаар байна.
Мөргөлдөөн эхэлснээс хойш Израил Ливаны хил орчмын суурин газруудын орон сууцны байшингуудыг буулгах ажиллагааг мөн эрчимжүүлээд байгаа бөгөөд энэ нь тус бүс нутгийг цэрэггүй бүс болгох стратегийн нэг хэсэг гэж үзэж байна.

