Италийн Сери А лигийг итгэл төгс тэргүүлж байсан “Интер Милан” клуб ээлжит тойрогтоо оноо алдсанаар аваргын төлөөх өрсөлдөөн эргэн сонирхолтой болж эхэллээ.
“Интер” энэ тойрогт “Фиорентина” багтай 1-1 харьцаатай тэнцсэнээр хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Милан”-аас ердөө зургаан онооны илүүтэй үлдлээ. Тоглолтын эхний минутад Пио Эспозито гоол оруулж, “Интер”-т гайхалтай эхлэлийг авчирсан ч тэд энэхүү давуу талаа эцсээ хүртэл хадгалж чадсангүй.
Кристиан Чивугийн удирдлага дор тоглож буй “Интер” тоглолтыг хянаж байсан ч “Фиорентина” аюултай довтолгоонуудыг ээлж дараалан гүйцэтгэж байв. Зочин багийн довтлогч Мойзе Кений оруулсан гоол оффсайд байсан тул хүчингүй болсон ч тоглолтын 77 дахь минутад Шер Ндоур тоог тэнцүүлж чадсан юм. Тоглолтын төгсгөлд Пио Эспозито хожлын гоол оруулах дөхсөн ч хаалгач Давид де Хеа гайхалтай хаалт гүйцэтгэж, багтаа нэг оноо авчирлаа.
Сери А-гийн бусад тоглолтуудын тухайд “Комо” клуб “Писа”-г 5-0 харьцаатай бут ниргэж, дөрөвдүгээр байраа бататгасан бол “Рома” баг “Лечче”-г 1-0-ээр хожсоноор “Ювентус”-тэй оноо тэнцлээ. Мөн “Аталанта”, “Лацио” багууд ээлжит ялалтаа байгуулсан байна.

Германы Бундеслигт “Штутгарт” клуб “Аугсбург”-ийг 5-2 харьцаатай хожиж, хүснэгтийн гуравдугаар байрт дэвшлээ. Харин “Майнц” баг “Айнтрахт Франкфурт”-ыг 2-1-ээр буулган авч, лигтээ үлдэх найдвараа нэмэгдүүлсэн байна. Францын Лиг 1-д “Марсель”, “Лион” багууд бүдэрснээр Аваргуудын лигийн эрхийн төлөөх өрсөлдөөн улам ширүүслээ.

