Франц улсын орон нутгийн сонгуулийн эцсийн шатны дүн гарч, зүүний хүчний Социалист нам гол хотуудад байр сууриа хадгалж чадлаа. Энэхүү сонгууль нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн хүчний харьцааг тодорхойлох чухал сорилт байсан бөгөөд сонгогчид уламжлалт зүүний үзэл баримтлалд итгэл хүлээлгэсэн хэвээр байгааг харууллаа.
Нийслэл Парис хотын даргын суудалд Социалист намаас нэр дэвшигч Эммануэль Грегуар ялалт байгуулж, өмнөх дарга Анн Идалгогийн халааг авахаар боллоо. Грегуар өрсөлдөгчөө хол зөрүүтэй орхисноор Парист зүүний хүчний засаглал үргэлжлэх нь тодорхой болов. Мөн Марсель, Лилль зэрэг Францын томоохон хотуудад социалистууд ялалтаа бататгаж, орон нутгийн түвшинд нөлөөгөө хадгалж үлдлээ.
Марин Ле Пений “Үндэсний эвсэл” намын хувьд энэ удаагийн сонгууль төсөөлж байснаас нь хүндхэн туслаа. Хэт барууны үзэлтнүүд Францын өмнөд эргийн Ницца хотод ялалт байгуулж, томоохон амжилт гаргасан боловч бусад стратегийн ач холбогдолтой хотуудад бүдэрсэн байна. Тухайлбал, Марсель хотод одоогийн зүүний удирдагч Бенуа Паян хэт барууны өрсөлдөгчөө илт давуу ялсан бол Нийм болон Тулон хотуудад ч барууны хүчнийхэн ялагдал хүлээжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, хэт барууны хүчин тодорхой бүс нутгуудад хүчээ авч байгаа ч үндэсний хэмжээний томоохон хотуудыг хяналтдаа авах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Сонгуулийн энэхүү үр дүн нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд томоохон нөлөө үзүүлэх бөгөөд зүүний эвсэл болон барууны хүчний хоорондох тэмцэл улам ширүүсэх дохио боллоо.

