Европын сансрын агентлаг (ESA) өнгөрсөн хоёрдугаар сард сураг тасарсан Proba-3 төслийн “Коронограф” хөлөгтэйгөө эргэн холбоо тогтоож чадсанаа албан ёсоор зарлалаа. Сарын турш үргэлжилсэн чимээгүй байдлыг эвдэж, хөлөг эх дэлхий рүү “утас цохисон” энэхүү үйл явдлыг ESA-гийн Ерөнхий захирал Йозеф Ашбахер “сансрын гайхамшиг” хэмээн нэрлэсэн байна.
Proba-3 бол нарны титэм буюу агаар мандлын хамгийн гадна талын давхаргыг судлах зорилготой, хос хөлгөөс бүрдсэн өвөрмөц төсөл юм. Хоёр хөлөг сансарт бие биенээсээ яг 150 метрийн зайд, маш нарийн тогтоцтой нисэж, нэг нь нөгөөдөө “хиймэл хиртэлт” үүсгэж өгдөг байна.
Юу болоод өнгөрөв?
- Гэнэтийн саатал: Хоёрдугаар сарын 14-ний амралтын өдрүүдэд “Коронограф” хөлөгт үл мэдэгдэх алдаа гарч, орон зайн чиглэлээ алдсан байна.
- Эрчим хүчний хомсдол: Хөлөг буруу тийш харснаар нарны зай хураагуур нь цэнэгээ авч чадахгүй болж, батерей нь маш хурдан шавхагджээ. Улмаар хөлөг зөвхөн амин чухал системүүдээ ажиллуулах “амьд үлдэх горим”-д шилжиж, холбоо тасарсан юм.
- Эрсдэл: Хоёр хөлгийн нэг нь л байхгүй бол төсөл бүхэлдээ зогсох аюулд ороод байв.
“Гайхамшиг” тохиосон нь
Испанийн Виллафранка дахь ESA-гийн газрын станцын баг нэг сарын турш хөлгийг хайж, дохио илгээсээр байжээ. Энэ долоо хоногт хөлөг тэнхлэгээрээ эргэлдэх зуур нарны зай хураагуур дээр нь өчүүхэн төдий гэрэл туссан тэрхүү торгон агшинд эрдэмтэд амжиж холбоо тогтоож чаджээ.
“Виллафранка дахь операторуудаас дуудлага ирэхэд багийнхан баярласандаа бараг л нисэх дөхсөн. Гэхдээ хүнд ажил одоо л эхэлж байна. Бид цаашид ямар алхам хийхээ шийдэхээс өмнө бүх өгөгдлийг нарийвчлан шинжлэх хэрэгтэй” гэж Proba-3 төслийн менежер Дамиен Галано онцолсон байна.
Цаашдын төлөвлөгөө
Одоогоор хөлөг аюулгүй горимд, тогтвортой байгаа бөгөөд нарны зай хураагуур нь батерейгаа амжилттай цэнэглэж байна. Нэг сарын турш сансрын хүйтэн харанхуйд “клиник үхэлд” байсан хөлгийн нарийн тоног төхөөрөмжүүд гэмтсэн эсэхийг шалгах ажил үргэлжилж байна. Хэрэв бүх зүйл хэвийн бол Proba-3 нарны нууцыг тайлах түүхэн даалгавраа үргэлжлүүлнэ.

