Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) тэргүүн Фатих Бирол дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгэл түгшээсэн мэдэгдэл хийлээ. Түүний үзэж буйгаар, Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй өнөөгийн хямрал нь 1970-аад оны газрын тосны хоёр удаагийн хямрал болон Украины дайны нөлөөллийг нийлүүлснээс ч илүү хүнд хэмжээнд хүрээд байна.
АНУ болон Израилийн зүгээс Иранд цэргийн ажиллагаа явуулж, хариуд нь Тегеран дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол зангилаа болох Хормузын хоолойг хаасан нь дэлхийн эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулж эхэлжээ. Энэхүү түгжрэл нь зөвхөн шатахуун төдийгүй хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын амин судас болсон бордоо, нефть химийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулж байгааг Фатих Бирол онцлов.
Тоон үзүүлэлтээс харахад өмнөх хямралуудын үед зах зээлээс өдөрт 5 сая баррель газрын тос хасагдаж байсан бол өнөөдрийн байдлаар энэ хэмжээ 11 сая баррельд хүрч, байгалийн хийн нийлүүлэлт 140 шоо метрээр буурсан байна. Мөргөлдөөний явцад Арабын хойг дахь эрчим хүчний 40 гаруй байгууламж ноцтой гэмтэл авсан тул байдал тогтворжсон ч нийлүүлэлтийг хуучин түвшинд хүргэхэд урт хугацаа шаардагдах төлөвтэй байна.
Нөхцөл байдлыг намжмаг болгохын тулд IEA-гийн зүгээс стратегийн нөөцөөсөө 400 сая баррель газрын тос гаргасан нь түүхэн дэх хамгийн том яаралтай арга хэмжээ боллоо. Гэвч энэ нь нийт нөөцийн ердөө 20 хувийг эзэлж байгаа тул цаашид Ази, Европ, Хойд Америкийн удирдагчидтай нэмэлт нөөц гаргах талаар хэлэлцэж байгаа ажээ.
Одоогоор АНУ-ын зүгээс Хормузын хоолойг нээх талаар Иранд сүүлчийн анхааруулга өгөөд байгаа бол Иран улс бүс нутаг дахь эрчим хүчний байгууламжуудад хариу цохилт өгөхөө мэдэгдсээр байна. Фатих Биролын хэлснээр, дэлхийн эдийн засгийг гүн хямралаас аврах хамгийн чухал алхам бол Хормузын хоолойн тээвэрлэлтийг яаралтай сэргээх явдал юм.

