Ойрхи Дорнодод үүссэн геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнийг өсгөж, улмаар Оросын нефтийн экспорт болон улсын төсөвт их хэмжээний нэмэлт орлого оруулах нөхцөлийг бүрдүүлээд байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн салбарын удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа үеэр газрын тос, байгалийн хийн компаниудыг энэхүү гэнэтийн ашгаа дотоодын банкуудаас авсан зээл, өр төлбөрөө барагдуулахад зарцуулахыг уриаллаа.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, АНУ болон Израилийн Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаа нь нийлүүлэлтийн сүлжээнд томоохон тасалдал үүсгэж, Brent маркийн нефтийн үнийг нэг баррель нь 100 ам.доллараас давуулаад байгаа юм. Үүнийг дагаад Оросын “Urals” маркийн нефтийн үнэ ч мөн адил 100 ам.доллараас дээш гарсан нь Украины дайнтай холбоотой хориг арга хэмжээний улмаас өмнө нь хямдралтай үнээр борлуулагдаж байсан нөхцөл байдлыг өөрчилж байна.
Financial Times-ийн тооцоолсноор нефтийн үнийн энэхүү огцом өсөлт нь ОХУ-ын улсын төсөвт өдөрт 150 сая ам.доллар хүртэлх нэмэлт орлого оруулах боломжтой ажээ. Түүнчлэн АНУ-ын Сангийн яамнаас Оросын нефтийн бүтээгдэхүүний борлуулалтад тодорхой хугацаанд хориг арга хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн нь Азийн орнуудын сонирхлыг дахин татаж байна.
Ойрхи Дорнодоос эрчим хүчний импортын хамааралтай Азийн хэд хэдэн улс эрчим хүчний тогтвортой байдлаа хангах үүднээс Оросын нефть худалдан авалтаа нэмэгдүүлэх эсвэл тийш шилжих алхмуудыг хийж эхэлжээ. Ерөнхийлөгч Путины зүгээс энэхүү нэмэлт орлогыг өр төлбөрөө дарахад ашиглах нь компаниудын санхүүгийн чадамжийг бэхжүүлэх зөв шийдэл болно гэдгийг онцолсон байна.

