АНУ-ын Калифорни мужийн Мурриета хотод хуучин найз залуугийнхаа амийг хөнөөхөөр хөлсний алуурчин ажиллуулсан хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй болон түүний гурван хамсаатныг баривчилсан тухай цагдаагийн газраас мэдээллээ.
Хэргийн хохирогч 30 настай Аарон Паррыг өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр Мурриета хотын нэгэн орон сууцнаас амь насаа алдсан байдалтай олсон байна. Мөрдөн байцаалтын явцад уг хэргийг гадны нөлөөтэй, захиалгат аллага байж болзошгүй хэмээн үзэж, эрчимтэй эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Үүний үр дүнд хохирогчийн хуучин найз бүсгүй болох 40 настай Игнасиа Кадаос Перкинсийг гол сэжигтнээр татсан байна.
Нэгдүгээр сарын 29-ний өдөр Перкинс болон түүний хамсаатан 43 настай Жеймс Лоуренс Петр нарыг Алабама мужид байхад нь саатуулжээ. Тэднийг хүн амины хэргийг бүлэглэн зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд аллагын сэдэл нь эд хөрөнгө, мөнгөний ашиг сонирхлоос үүдэлтэй байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр өнгөрсөн долоо хоногт хэрэгт холбоотой өөр хоёр этгээдийг баривчилжээ. 34 настай Жерри Уилерийг Жоржиа мужийн Брукхейвен хотоос, 39 настай Кеннет Максвеллийг Алабама мужийн Мидфилд хотоос тус тус баривчилсан байна. Тэднийг хөлсөөр хүн амины хэрэг үйлдсэн болон уг хэргийг гүйцэтгэхэд хамтран оролцсон хэрэгт буруутгаж байгаа юм.
Одоогоор саатуулагдсан дөрвөн этгээдийг Калифорни муж руу шилжүүлэн авчрах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн байцаалт дуусаагүй байгаа тул хэргийн талаарх нарийвчилсан мэдээллийг албаныхан одоогоор нууцалж байгаа бөгөөд шүүх хуралдааны тов удахгүй тодорхой болох ажээ.

