ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийг нисгэгчгүй нисэх аппаратын халдлагаас хамгаалах зорилгоор хувийн хамгаалалтын компаниудад байлдааны галт зэвсэг ашиглах зөвшөөрөл олгосон хуулийг баталлаа. Энэхүү шийдвэр нь Украины мөргөлдөөний үед эрчим хүчний байгууламжууд болон бусад чухал цэгүүдэд чиглэсэн агаарын дайралт нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр улсын өмчит үйлдвэрийн газрууд, байгалийн монополь компаниуд болон стратегийн обьектуудыг хамгаалж буй хувийн хамгаалалтын ажилтнууд ОХУ-ын Үндэсний гвардиас (Росгвардия) түр хугацаагаар зэвсэг хүлээн авах боломжтой болж байна. Гэрээт хугацаа дууссаны дараа зэвсгийг хоёр долоо хоногийн дотор буцаан тушаах журам үйлчлэх ажээ.
ОХУ-ын түлш, эрчим хүчний салбарын 80 гаруй хувийн хамгаалалтыг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэдэг бөгөөд өмнө нь тэдний ашиглах зэвсэгт тодорхой хязгаарлалт байсан юм. Хууль тогтоогчдын үзэж буйгаар автомат галт зэвсэг ашиглах эрх нээгдсэн нь нисгэгчгүй онгоцны аюулыг бодитоор няцаах, байгууламжуудын аюулгүй байдлыг хангах чадварыг эрс сайжруулна гэж үзэж байна.
Төрийн Думын гишүүн Василий Пискарев энэ талаар тайлбарлахдаа “Цэргийн тусгай ажиллагаа явагдаж буй энэ үед байлдааны зэвсэг ашиглах боломж бүрдсэн нь улс орны аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлнэ” хэмээн онцолжээ. Энэхүү алхам нь ОХУ-ын дотоод хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн томоохон өөрчлөлт болж байна.

