Вьетнам улс эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэх зорилгоор ОХУ-тай хамтран өөрийн нутаг дэвсгэрт анхны цөмийн цахилгаан станцыг барихаар тохиролцлоо. Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын “Росатом” төрийн өмчит корпорацитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү шийдвэр нь дэлхий даяар түлшний үнэ өсөж, эрчим хүчний хомсдол нүүрлээд буй энэ үед Вьетнамын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал алхам болж байна.
Гэрээний дагуу Вьетнамын Нин Туан мужид нийт 2400 МВт-ын хүчин чадалтай, хоёр реактор бүхий цөмийн цахилгаан станц барих эрх зүйн орчин бүрдэж байгааг “Росатом” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн тэргүүн Алексей Лихачев энэхүү төслийг Вьетнамын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах төдийгүй хоёр улсын урт хугацааны түншлэлийн суурь болохыг онцолсон юм. Хэдийгээр барилгын ажил эхлэх нарийн хугацааг одоогоор зарлаагүй байгаа ч талууд бэлтгэл ажлаа шуурхайлах байр суурьтай байна.
Хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зөвхөн цөмийн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд ОХУ-ын байгалийн хийн “Новатэк” компани Вьетнамын талтай шингэрүүлсэн байгалийн хий (LNG) нийлүүлэх гэрээ байгуулжээ. Мөн талууд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын чиглэлээр шинэ хэлэлцээрүүдийг баталгаажуулсан байна. Энэхүү нэгдсэн хамтын ажиллагаа нь Ойрхи Дорнодын тогтворгүй байдлаас шалтгаалан түлшний үнэ 50-70 хувиар өсөөд буй Вьетнамын дотоодын зах зээлд дэмжлэг болох хүлээлттэй байна.

