Европын сансрын агентлагийн (ESA) “JUICE” хөлөг Бархасбадь гараг руу чиглэх аяллынхаа явцад манай нарны аймгаар дайран өнгөрч буй од хоорондын биет болох 3I/ATLAS-ын зургийг авч, богино хэмжээний дүрс бичлэг болгон дэлхий рүү илгээжээ. Өнгөрсөн онд Ангараг гарагийн орчимд анх илэрсэн энэхүү биет нь манай галактикийн алс холын орон зайгаас ирсэн бөгөөд одоо Нарыг чиглэн өндөр хурдтайгаар хөдөлж байна.
Эрдэмтдийн хувьд 3I/ATLAS Наранд ойртох үед түүний гадаргуу дээрх мөс болон бусад бодисууд ууршиж (сублимацлагдаж) эхэлсэн нь уг биетийн изотопын харьцаа болон химийн найрлагыг судлах ховор боломжийг олгож байгаа юм. Энэхүү судалгаа нь манай нарны аймгаас өөр орчинд гараг ертөнц хэрхэн бүрэлдэн тогтдогийг ойлгоход чухал ач холбогдолтойд тооцогдож байна.
Үүний зэрэгцээ Харь гарагийн оюун ухаант амьдралыг эрэн хайх SETI хүрээлэн уг биетээс ямар нэгэн хиймэл дохио буюу “технологийн ул мөр” илрэх эсэхийг судалжээ. Хятадын FAST радио телескопыг ашиглан 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэл дөрвөн удаагийн ажиглалт хийсэн байна. Эрдэмтэд уг биетээс нарийн зурвасын радио дохио хайсан боловч одоогоор ямар нэгэн хиймэл гаралтай дохио илрээгүй байгааг албан ёсоор мэдэгдлээ.
Одоогоор “JUICE” хөлгөөс ирүүлсэн өгөгдлийг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд энэхүү ажиллагаа нь тус хөлгийн үндсэн зорилго болох Бархасбадь гарагийн мөстэй дагуулууд дээр амьдрал байх боломжийг судлах бэлтгэл ажилд томоохон туршлага болж байна. Од хоорондын энэхүү зочныг судлах ажил олон улсын одон орон судлаачдын анхаарлын төвд байсаар байна.

