Энди Вэйрийн шинжлэх ухааны зөгнөлт “Төсөл Хэйл Мэри” (Project Hail Mary) зохиолоос сэдэвлэсэн кино дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл болж байна. Хэдийгээр киноны үйл явдал эх зохиолоо голчлон дагасан ч найруулагчид дүрүүдийн хувь заяаг харуулсан зарим сонирхолтой, нууцлаг деталь хэсгүүдийг нэмж оруулжээ. Үүний нэг нь төслийн удирдагч Ева Страттын дүр болон түүний далд түүхийг өгүүлэх шивээс юм.
Киноны төгсгөл хэсэгт Сандра Хюллерийн бүтээсэн Стратт хөлөг онгоцон дээр сууж, Рональд Грейсээс ирсэн видео бичлэгийг үзэж буй богинохон зураглал гардаг. Энэ хэсэгт дэлхий ертөнц хөлдөж эхэлсэн ч хүн төрөлхтнийг аврах төсөл амжилттай болсныг баталдаг. Харин хамгийн сонирхолтой деталь нь Страттын хүзүүний ар хэсэгт байх жижиг шивээс байлаа. Найруулагч Фил Лорд болон Крис Миллер нар “Slashfilm” сайтад өгсөн ярилцлагадаа уг шивээсний утга учрыг тайлбарлажээ.
Тэдний хэлснээр, уг шивээс нь Стратт дэлхийг аврахын тулд гаргасан хатуу шийдвэрүүдийнхээ төлөө арван хэдэн жилийн дараа бүх насаараа хорих ял сонссоныг илтгэж байгаа аж. Зохиолч Энди Вэйрийн санаачилгаар оруулсан энэхүү өөрчлөлт нь Стратт шоронгоос оргосон эсвэл суллагдсаныхаа дараа дэлхийн цаг уурын өөрчлөлттэй үргэлжлүүлэн тэмцэж байгааг харуулсан далд түүх юм. Энэ нь номон дээр шууд дурдагддаггүй ч киноны багийнхан түүний дүрийг илүү гүнзгий, ээдрээтэй болгох үүднээс ийнхүү баяжуулсан байна.

