АНУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээнүүдэд оролцох тамирчдад визний асуудал тулгарах нь “League of Legends”, “VALORANT” болон “Fighting Game Community” (FGC) зэрэг цахим спортын салбарынхны санааг зовоосон гол асуудал болоод байна. 2026 оны эхээр “KRU Esports” багийн ахлагч Саадхак визний саатлаас үүдэн “VCT Americas Kickoff” тэмцээнд оролцож чадахгүйд хүрсэн нь энэхүү асуудлын ердөө нэг илрэл юм.
Визний хүндрэлээс гадна АНУ-ын дотоод улс төрийн тогтворгүй байдал, “ICE” буюу Цагаачлал, гаалийн албаны үйл ажиллагаа эрчимжсэн нь олон улсын баг тамирчид болон шүтэн бишрэгчдийг АНУ-д болох тэмцээнд оролцохоос эмээхэд хүргэж байна. Ялангуяа Ази, Латин Америкийн тоглогчид виз авахад хамгийн их бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд энэ нь цахим спортын салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүйг шүүмжлэгчид анхааруулж байна. “Reddit” зэрэг платформ дээр шүтэн бишрэгчид АНУ-ын аялал жуулчлалын аюулгүй байдал болон цагаачлалын хатуу бодлогод эргэлзэж буйгаа илэрхийлсээр байгаа юм.
“League of Legends Esports”-ийн дэлхий даяарх үйл ажиллагаа хариуцсан захирал Крис Грили “Sheep Esports”-д өгсөн ярилцлагадаа энэхүү нөхцөл байдлыг “хэвийн үзэгдэл” мэтээр тайлбарласан нь олон нийтийн дургүйцлийг төрүүллээ. Тэрээр “Өмнөх Worlds тэмцээнүүдэд ч ижил төстэй визний асуудал гарч байсан. Хэрэв баг, тамирчид ирж чадахгүй бол бид өмнөх шигээ орлон тоглогч гаргах зэрэг хувилбаруудыг ашиглана” гэж мэдэгджээ.
Гэвч шүтэн бишрэгчид Грилигийн хариултыг бодит байдалтай нийцэхгүй байна хэмээн үзэж байна. Тэдний хэлж буйгаар 2026 оны АНУ-ын нөхцөл байдал өмнөх жилүүдээс огт өөр бөгөөд зөвхөн визний саатал бус, хүний эрх, аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгааг онцолж байна. Тэмцээн зохион байгуулагчид асуудал үүсэхээс өмнө бодитой арга хэмжээ авахгүй байгаа нь “Worlds” зэрэг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийн нэр хүнд болон чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг сануулж байна.

