Алдарт дуучин Жастин Тимберлэйкийн 2024 оны зургаадугаар сард согтуугаар тээврийн хэрэг жолоодсон хэргээр баривчлагдсан үеийн цагдаагийн биеийн камерын бичлэг урт хугацааны хуулийн тэмцлийн эцэст олон нийтэд цацагдлаа. Дуучны хуулийн баг уг бичлэгийг хувийн нууцад халдсан, нэр хүндэд ноцтой хохирол учруулах “гутаан доромжлол” хэмээн үзэж, нийтэд дэлгэхийг эсэргүүцэн шүүхэд хандаж байсан ч эцэст нь зарим хэсгийг нь хассан хувилбарыг гаргахаар тохиролцсон байна.
Тимберлэйкийг Саг Харбор хотод зам тээврийн зөрчил гаргах үед нь саатуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээ авахаас татгалзсан тул баривчилсан байдаг. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу уг бичлэгийг нэхэмжилсээр энэ сарын 21-нд ийнхүү хүлээн авчээ.
Бичлэг ил болмогц Тимберлэйкийн цагдаа нарт хандаж “Би бол Жастин Тимберлэйк”, “Та нар намайг гэмт хэрэгтэн шиг харьцаж байна” гэж хэлсэн хэсгүүд цахим орчинд хурдтай тархаж, олон тооны хошигнол, мемийн сэдэв болоод байна. Мөн түүнийг саатуулах байранд байхдаа “Гэрэл асаалттай байлгаж болох уу?” гэж асуусан болон тэнцвэрээ олж алхаж чадахгүй байгаа хэсгүүд олны анхаарлыг ихээр татаж байна.
Хэргийг эргэн санахад, Жастин Тимберлэйк 2024 оны зун хүндрүүлсэн ял авахаас зайлсхийж, прокурортой тохиролцсоны үндсэн дээр 25-40 цагийн олон нийтийн тустай ажил хийж, торгууль төлөх шийтгэл хүлээсэн юм. Хэдийгээр хуулийн маргаан ийнхүү эцэслэсэн ч, цагдаагийн бичлэг ил болсон нь түүний нэр хүндэд дахин нэг сорилт болж байна.

