АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаачлал, гаалийн албаны (ICE) ажилтнуудыг нисэх онгоцны буудлуудад аюулгүй байдлыг хангах зорилгоор байршуулах шийдвэрийнх нь талаар асуулт асуусан сурвалжлагчийг хатуу шүүмжилж, дуулиан тарилаа. Ерөнхийлөгч өөрийг нь дэмжигч талын “Newsmax” сувгийн сурвалжлагчид хандан “Чи ажлаа сайн хийхгүй байна, намайг сонсож байна уу?” хэмээн хэлж, түүний асуултад дургүйцлээ илэрхийлсэн байна.
Уг маргаан АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны (DHS) санхүүжилт зогссонтой холбоотойгоор үүссэн юм. Санхүүжилт тасалдсаны улмаас Нисэхийн аюулгүй байдлын (TSA) ажилтнууд цалингаа авч чадахгүй байгаа бөгөөд үүнээс үүдэн ажилдаа ирэхгүй байх тохиолдол нэмэгдэж, онгоцны буудлуудад урт дараалал үүсээд байгаа аж. Ерөнхийлөгч Трамп энэхүү орон зайг нөхөхийн тулд ICE-ийн ажилтнуудыг дайчлах төлөвлөгөөгөө танилцуулсан боловч энэ нь мэргэжлийн сургалт болон чиг үүргийн хувьд тохиромжгүй гэх шүүмжлэлтэй тулгараад байна.
Сурвалжлагч уг шийдвэрийн хэрэгжилт болон үр дагаврын талаар тодруулахыг оролдох үед Ерөнхийлөгч Трамп түүнийг “Чи удахгүй Newsmax-д байхгүй болох байх” хэмээн хошигнож, хэвлэлийнхний өмнө шүүмжилсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрээр бусад хэвлэл мэдээллийнхэнд өгсөн тайлбартаа уг шийдвэрийг онгоцны буудлуудын аюулгүй байдлыг “хэн ч харж байгаагүй өндөр түвшинд” хангах арга хэмжээ хэмээн тодорхойлсон юм.
Харин Демократ намын зүгээс ICE-ийн ажилтнуудыг ийнхүү дайчлахыг эсэргүүцэж, тэдний ажиллах арга барилд хяналт тавих, ялангуяа нүүрээ далдлахгүй ажиллах зэрэг шаардлагыг тавьж байгаа аж. Ерөнхийлөгч Трамп эдгээр шаардлагыг “хүний эрхийн зөрчил” гэж нэрлээд, онгоцны буудлуудад ажиллах ажилтнууд нь зөвхөн аюулгүй байдлыг хангаж, хууль бус цагаачдыг илрүүлэх чиглэлд анхаарна гэдгийг мэдэгджээ.

