АНУ-ын Арми шинэ үеийн M7 винтовныхоо илүү богино, хөнгөн хувилбарт “XM8” хэмээх түүхэн нэршлийг албан ёсоор өгөхөөр шийдвэрлэжээ. Энэхүү зэвсэг нь “Next Generation Squad Weapons” (NGSW) хөтөлбөрийн хүрээнд бүтээгдсэн 6.8×51 мм калибрын M7 винтовны шинэчлэгдсэн загвар юм.
Шинэ XM8 карабин нь үндсэн M7 загвараас богино бөгөөд хөнгөн байхаар зохион бүтээгдсэн байна. Тодруулбал, нийт урт нь 32 инч орчим, 11 инчийн гол төмөртэй байх бөгөөд сум хурдасгагчтайгаа хамт 7.33 фунт жинтэй байгаа нь өмнөх загвараас нэг фунт орчмоор хөнгөрсөн үзүүлэлт юм. Мөн цэргүүдийн санал хүсэлтийн дагуу гар хамгаалалтыг илүү бөх бат болгож, зарим бүтцийн өөрчлөлтүүдийг оруулжээ. Үүнээс гадна уг зэвсэгт “Vortex Optics” компанийн XM157 загварын компьютерийн удирдлагатай дэвшилтэт оптик хэрэгслийг ашиглахаар төлөвлөж байна.
Сонирхолтой нь, “XM8” хэмээх нэршлийг АНУ-ын Арми 2000-аад оны эхээр ашиглаж байсан түүхтэй. Тухайн үед “Heckler & Koch” компанийн бүтээсэн, футурист загвартай 5.56×45 мм-ийн винтовт энэ нэрийг өгч байсан ч уг хөтөлбөр амжилтгүй болж зогсож байсан юм. Хоёр арван жилийн дараа уг нэршлийг ийнхүү цоо шинэ технологи бүхий 6.8 мм-ийн карабинд дахин ашиглаж эхэллээ.
Шинэ үеийн зэвсэглэлийн хөтөлбөрт мөн Sig компанийн 6.8×51 мм-ийн M250 хөнгөн пулемёт багтаж байгаа бөгөөд эдгээр нь АНУ-ын явган цэргийн ангиудын галын хүчийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
АНУ-ын Тэнгисийн явган цэргийн ангиуд одоогоор M7 винтовны хувилбарыг нэвтрүүлэх бодолгүй байгаа бөгөөд өөрсдийн M27 Infantry Automatic Rifle (IAR) буюу 5.56×45мм калибрын винтовтойгоо үргэлжлүүлэн ажиллахаар шийдвэрлэжээ.

