Мэргэжлийн боксын хүнд жингийн үнэмлэхүй аварга Александр Усик спортын замналаа өндөрлүүлэхээсээ өмнө сүүлийн гурван тулаан хийх төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллаа. Өдгөө 39 настай, 24 тулаанд нэг ч ялагдал хүлээгээгүй яваа Украины боксчин ийнхүү зодог тайлах хугацаагаа товлосон байна.
Түүний төлөвлөгөөний хамгийн ойрын бөгөөд онцлох үйл явдал ирэх тавдугаар сарын 23-нд Египет улсад болох юм. Тэрээр Нидерландын кикбоксын амьд домог, “Кикбоксын хаан” гэгддэг Рико Верхувентай Египетийн алдарт Гизагийн пирамидын дэргэд боксын дүрмээр тулалдана. “Glory in Giza” нэртэй энэхүү түүхэн шоу нь дэлхийн долоон гайхамшгийн нэг болох пирамидын дэргэд зохиогдож буй анхны дэлхийн аваргын тулаан болох бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг татах нь тодорхой байна. Үүний дараа Усик Британийн боксчид болох Даниэль Дюбуа болон Фабио Уордли нарын тулааны ялагчтай учрах бөгөөд замналынхаа сүүлчийн тулааныг Тайсон Фьюритэй хийхээр төлөвлөжээ.
Нөгөө талаас, Дана Уайтын удирддаг “Zuffa Boxing” компанийн зүгээс Александр Усикийг өөрсдийн аварга Жай Опетайатай тулалдуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Одоогоор тэдний тулаан болох магадлал бага байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой юм. Жай Опетайа саяхан “Zuffa Boxing”-ийн бүсийн төлөө тулалдсанаас үүдэж IBF-ийн cruiserweight жингийн бүсээ хураалгасан тул ойрын хугацаанд хүнд жин (heavyweight) рүү шилжих магадлал өндөр байна. Хэрэв тэрээр жин өгсвөл Усиктай рингэнд учрах боломж нээгдэх юм.
Александр Усикийн багийн зүгээс Дана Уайттай хэлэлцээ хийж байгаагаа баталсан бөгөөд хэрэв тохиролцоонд хүрсэн тохиолдолд боксын ертөнцөд “шилдэг нь шилдэгтэйгээ” учрах бас нэгэн сонирхолтой тулаан нэмэгдэх болно. Одоогоор Усик тавдугаар сард болох түүхэн тулаандаа бэлтгэж, Египетэд болох үйл явдалд бүх анхаарлаа хандуулж байна.

