Өнөөдөр Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр алдарт жүжигчин Пак Мин Ён, BTOB хамтлагийн гишүүн Юк Сонжэ болон туршлагатай жүжигчин Го Су нарыг SBS-ийн шинэ уран бүтээл болох “Nine to Six” цувралын гол дүрд тоглохоор баталгаажсаныг мэдээллээ. Энэхүү драм нь ажлын байран дээрх бодит амьдралыг харуулсан романтик комеди төрлийн бүтээл бөгөөд “The Rational Life” хэмээх алдартай бүтээлээс сэдэвлэн бүтээгдэж байгаа юм.
Цувралын үйл явдал “Chronic Motors” компанийн хуулийн хэлтэст өрнөх бөгөөд Пак Мин Ён тус хэлтсийн дэд менежер Кан И Жигийн дүрийг бүтээнэ. Тэрээр хайр дурлал, гэрлэлтийг зөвхөн дааврын асуудал гэж үздэг, ажилдаа улайрсан нэгэн боловч шинээр ирсэн дадлагажигч болон хэлтсийн даргатай учирснаар түүний бодол өөрчлөгдөж эхэлнэ. Юк Сонжэгийн хувьд энэрэнгүй зантай, төгс залуу дадлагажигч Хан Сон У-гийн дүрийг бүтээх бол Го Су 15 жилийн дараа анх удаа романтик төрлийн драмд эргэн ирж, зөвхөн ур чадварыг чухалчилдаг хэлтсийн дарга Пак Хён Тэ-гийн дүрээр үзэгчидтэй уулзах гэж байна.
“Nine to Six” цувралын найруулагчаар “Strong Woman Do Bong Soon” болон “Miss Night and Day” бүтээлүүдээрээ танигдсан Ли Хён Мин ажиллаж байгаа нь хүлээлтийг улам бүр нэмэгдүүлж байна. Жүжигчдийн ур чадвар, өвөрмөц дүр төрх болон тэдний хоорондын химийн нөлөө үзэгчдийн дэлгэцийг чимнэ гэдэгт найдаж байгаагаа продюсерууд онцолжээ.
Уг драм нь 2026 оны хоёрдугаар хагаст SBS телевизээр цацагдаж эхлэхээр төлөвлөгдсөн байна. Пак Мин Ён “Marry My Husband” цувралаас хойш дахин нэг удаа оффисын романтик драмын хатан хаан гэдгээ батлахад бэлэн болжээ.

