Английн “Ливерпүүл” клуб Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч чадсан боловч Премьер лигт үзүүлж буй тогтворгүй тоглолт нь багийн удирдлагуудыг дасгалжуулагчийн асуудалд анхаарал хандуулахад хүргэж байна. Сүүлийн тоглолтуудад “Брайтон энд Хоув Альбион” клубт хожигдол хүлээсэн нь ирэх улирлын Европын тавцанд өрсөлдөх боломжийг нь эргэлзээтэй болгоод байгаа юм.
Зуны солилцооны цонхоор шинэ тоглогчдод их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч хүлээгдэж байсан үр дүн гарахгүй байгаа нь ерөнхий дасгалжуулагч Арне Слотын ирээдүйд сөргөөр нөлөөлж байна. Хэрэв “Ливерпүүл” энэ улиралд лигийн эхний таван байрт багтаж чадахгүй эсвэл Аваргуудын лигт түрүүлж чадахгүй бол Нидерланд мэргэжилтнийг албан тушаалаас нь чөлөөлөх магадлал өндөр байгааг эх сурвалжууд онцолж байна.
“Caught Offside” хэвлэлийн мэдээлснээр “Ливерпүүл” клуб өөрийн багийн домогт тоглогч асан Хаби Алонсотой “эрчимтэй хэлэлцээ” хийж эхэлжээ. Испани мэргэжилтэн Хаби Алонсо саяхан “Реал Мадрид” клубыг удирдаж байгаад ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд түүнийг Арне Слотыг орлох хамгийн боломжит хувилбараар нэрлэж байна.
Хэдийгээр Алонсо “Байер Леверкузен” багт гайхалтай амжилт үзүүлж байсан ч Мадридын “Реал”-д ажиллах хугацаандаа дотоод зөрчил болон тактикийн тогтворгүй байдлаас шалтгаалан төдийлөн амжилт олж чадаагүй юм. Гэсэн хэдий ч “Ливерпүүл”-ийн удирдлагууд түүнийг “Энфилд”-д эргэн ирж, багийн уур амьсгалыг сэргээнэ гэдэгт итгэл хүлээлгэж байгаа аж. Улирлын үлдсэн хугацаанд “Ливерпүүл”-ийн үзүүлэх тоглолтоос дасгалжуулагчийн шилжилт хөдөлгөөн шууд хамаарах болоод байна.

