Алдарт дуучин Usher өөрийн ментор, удаан хугацааны хамтрагч Шон “Дидди” Комбын талаарх байр сууриа илэрхийлж, түүнийг “буруугаар ойлгогдсон” хэмээн тодорхойлсон байна. Бэлгийн мөлжлөг болон рэкетийн хэргээр 50 сарын хорих ял сонсоод буй Комбын талаар Usher Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурджээ.
Usher хэлэхдээ, хүмүүс шүүх хурлын шийдвэрт хэт төвлөрч, тухайн хүний бүтээсэн асар их өв соёл, гайхалтай амжилтуудыг үнэлэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. “Миний туршлага дэлхий нийтийн харж буйтай адилгүй. Би Шон Комбын талаар ямар нэгэн сөрөг зүйл хэлэхгүй. Тэр бол хар арьст бизнес эрхлэгчдийн хувьд соёл болон шинэлэг санааг бодит зүйл болгон хувиргасан хүн” хэмээн тэрээр онцолжээ.

Шон Комб шоронд ял эдэлж байгаа ч Usher-н энэхүү мэдэгдлийн хариуд TMZ сайтаар дамжуулан талархал илэрхийлсэн байна. Тэрээр “Би үргэлж Usher-г хайрлаж, хүндэтгэж ирсэн. Түүний үг болон амжилтад нь би талархаж байна” хэмээжээ. Хоёр уран бүтээлч 2000-аад оны эхээр “I Need a Girl” зэрэг хит дуунууд дээр хамтран ажиллаж байсан бөгөөд Usher түүнийг өөрийнх нь “хатуу багш” байсныг дурссан юм.
Хэдийгээр Шон Комбын хуулийн баг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаар ажиллаж байгаа ч, Usher түүнийг хөгжмийн салбарт олон хүнийг амжилтад хүргэсэн, үгүйсгэхийн аргагүй хувь нэмэр оруулсан эрхэм хэмээн үзэж байна. Энэхүү мэдэгдэл нь Холливудын болон хөгжмийн ертөнцийнхний дунд нэлээдгүй хэлэлцүүлэг дагуулаад байна.

