Залуусын шүтээн, поп од Оливиа Родриго өөрийн гурав дахь студийн цомгоо ирэх зургаадугаар сарын 12-нд гаргахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. “You seem pretty sad for a girl so in love” нэртэй уг бүтээл нь түүний 2023 онд гарч, Грэммийн наадамд нэр дэвшиж байсан “Guts” цомгийн үргэлжлэл болон гарч ирж байна.
Өдгөө 23 настай уран бүтээлч өнгөрсөн долоо хоногт сошиал хуудсаараа дамжуулан цомгийн нүүр зургийг дэлгэсэн юм. Зурагт Родриго ягаан өнгийн даашинзтай, толгойгоороо доош унжсан байдалтай дүрслэгдсэн нь шүтэн бишрэгчдийнх нь дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Тэрээр шинэ бүтээлийнхээ талаар “Би энэ цомогтоо маш их бахархаж байна, та бүхнийг сонсохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Цомгийн сурталчилгааны хүрээнд Оливиа Родриго өөрийн Инстаграм хуудас дахь бүх постоо устгаж, зөвхөн шинэ цомгийн зарлалыг үлдээсэн нь түүнийг “шинэ эрин үе”-ээ эхлүүлж буйг илтгэж байна. Түүнчлэн түүний вэбсайтаар дамжуулан явагдсан гарын үсэгтэй цомгийн урьдчилсан захиалга ердөө нэг цагийн дотор дууссан нь түүний нэр хүнд хэр өндөр байгааг харууллаа.
Одоогоор шинэ цомогтой холбоотой аялан тоглолтын тов хараахан гараагүй байгаа ч, ягаан өнгө давамгайлсан энэхүү шинэ өнгө төрх нь зуны турш хөгжмийн ертөнцийг байлдан дагуулах төлөвтэй байна.

