ОХУ-ын эрх баригчид дижитал орчин дахь хяналтаа чангатгаж, интернетийн хязгаарлалтыг шинэ шатанд гаргаж байгаатай холбоотойгоор тус улсад VPN буюу Виртуал хувийн сүлжээний хэрэглээ амьдралын салшгүй хэсэг болоод байна. Өнгөрсөн онд Роскомнадзор агентлаг хүүхэд залуусын дунд алдартай Roblox тоглоомын платформыг терроризмыг сурталчилсан, ЛГБТ агуулгатай гэх шалтгаанаар хориглосон боловч залуучууд VPN ашиглан уг хоригийг төвөггүй тойрч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Оросын олон сая иргэн гадаадын нийгмийн сүлжээ, мессенжер болон хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэвтрэхийн тулд VPN-ийг өдөр тутам ашиглаж байна. Ялангуяа 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хамгийн өргөн хэрэглэгддэг Telegram мессенжерийг бүрэн хааж магадгүй байгаа тухай мэдээлэл гарсан нь VPN-ийн эрэлтийг улам нэмэгдүүлэв.
ОХУ-д VPN ашиглах нь одоогоор хууль бус үйлдэл биш боловч эрх баригчид эдгээр хэрэгслийг сурталчлах, түгээхийг хатуу хориглож эхэллээ. Хууль зөрчсөн иргэдийг 150 мянга, компаниудыг 500 мянга хүртэлх рублиэр торгох шийтгэл ногдуулж байна. Түүнчлэн Цахим хөгжлийн яамнаас дотоодын томоохон онлайн платформуудад хандан дөрөвдүгээр сарын 15-ны дотор VPN ашиглаж буй хэрэглэгчдийг илрүүлж, хандалтыг нь хязгаарлах шаардлага хүргүүлжээ.
Олон улсын төлбөрийн системүүд үйл ажиллагаагаа зогсоосон тул Оросын иргэд VPN үйлчилгээний төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаа юм. Гэсэн хэдий ч технологийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар интернетийг дэлхийн сүлжээнээс бүрэн таслахгүй л бол VPN-ийг бүрмөсөн устгах боломжгүй аж. ОХУ-ын Аюулгүй байдлын алба (FSB) зөвхөн өөрсдийн лицензтэй, хяналттай VPN-ийг зөвшөөрөх санал гаргаж байгаа ч хөгжүүлэгчид цензурийг давах шинэ аргуудыг байнга нээсээр байна. Шинжээчид үүнийг муур хулгана агнахтай адил төгсгөлгүй үйл явц хэмээн тодорхойлж байна.

