Amazon Prime Video стриминг платформ залуусын хамтлагийн тухай өгүүлэх The Runarounds цувралаа эхний улирлын дараа үргэлжлүүлэхгүй болсноо гэнэт зарлалаа. Уг цувралыг бүтээгчид нийт таван улирал дамжсан томоохон түүх өгүүлэхээр төлөвлөж байсан ч ийнхүү эхний улирлаар цэглэж байгаа нь үзэгчдийг гайхшруулсан шийдвэр болов.
2023 оны есдүгээр сард нээлтээ хийсэн тус цуврал нь бодит амьдрал дээр хамтлаг болон нэгдсэн залуусын түүхийг харуулдгаараа онцлогтой байсан юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд Уильям Липтон, Аксель Эллис, Жереми Юн, Зенде Мурдок, Жесси Голлихер нар багтдаг бөгөөд тэднийг анх 2021 онд Netflix-ийн алдарт Outer Banks цувралыг бүтээгч ах дүү Пэйтүүд олж харан нэгтгэж байжээ.
Зохиолчдын төлөвлөгөөгөөр хоёрдугаар улиралд хамтлаг бүс нутгийн аялан тоглолтод гарч, Bonnaroo хөгжмийн наадамд оролцох хүртлээ хөгжих үйл явдал өрнөх ёстой байв. Цаашлаад гуравдугаар улиралд Европын аялан тоглолт, дөрөвдүгээр улиралд томоохон танхимуудыг дүүргэж, тавдугаар улиралд цэнгэлдэх хүрээлэнд тоглох хүртэлх алдар хүндийн оргил өөд тэмүүлэх замыг харуулахаар зорьж байжээ.
Гэвч энэ сарын 13-нд Amazon компани цувралыг албан ёсоор зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Хэдийгээр дэлгэцийн бүтээл нь цуцлагдсан ч The Runarounds хамтлагийн залуус уран бүтээлээ зогсоохгүй гэдгээ фэнүүддээ дуулгалаа. Тэд одоогоор анхны бие даасан цомог дээрээ ажиллаж байгаа бөгөөд удахгүй шинэ дуунуудаа сонсогчдын хүртээл болгохоор төлөвлөж байгаа ажээ.

