Intel корпораци дэлхийн зах зээл дээрх чипийн эрэлт хэрэгцээг хангах, ялангуяа өндөр технологийн “advanced packaging” буюу дэвшилтэт савлагааны шийдлээр давуу тал олж авах зорилгоор Малайз дахь үйлдвэрлэлийн хүчин чадлаа шат дараатай нэмэгдүүлж байна.
Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим тус компанийн өргөтгөлийн төлөвлөгөөг албан ёсоор баталгаажуулсан бөгөөд шинэ үйлдвэр энэ оны сүүл гэхэд ашиглалтад ороход бэлэн болоод байгааг мэдэгдлээ. Интел Фаундри (Intel Foundry) нэгжийн тэргүүн Нага Чандрасекараны тайлбарласнаар, дэвшилтэт савлагаа гэх ойлголт нь ердөө арван жилийн өмнө шинжлэх ухааны түвшинд яригддаг байсан бол өнөөдөр чипийн хэмжээг жижигсгэхийн зэрэгцээ олон тооны бүрэлдэхүүн хэсгийг нэг доор өндөр үр ашигтайгаар багтаах гол түлхүүр болоод байна.
Өнгөрсөн хугацаанд Тайванийн TSMC компани CoWoS болон SoIC технологиудаараа энэ салбарт тэргүүлж ирсэн бол Интел компани 2017 оноос EMIB, 2019 оноос Foveros зэрэг өөрсдийн бие даасан шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн юм. Энэхүү өрсөлдөөний дараагийн шат болох EMIB-T технологи нь чипийн эд ангиуд хоорондын мэдээлэл дамжуулах хурдыг нэмэгдүүлж, эрчим хүчний зарцуулалтыг эрс багасгах зорилготой бөгөөд энэ жилээс үйлдвэрлэлийн явцад албан ёсоор ашиглагдаж эхлэх ажээ.
Малайз дахь энэхүү хөрөнгө оруулалт нь Интел корпорацийн хувьд зөвхөн үйлдвэрлэлийн баазаа тэлээд зогсохгүй, ирээдүйн хиймэл оюун ухаан болон өндөр тооцооллын чипүүдийн зах зээлд тэрбум тэрбумын ашиг олох стратегийн чухал нүүдэл болж байна.

