“Супер Марио Галакси” киноны нээлтийн гайхалтай үзүүлэлтүүд дэлхийн хамгийн том кино театрын сүлжээ болох AMC-ийн түүхэн дэх хамгийн өндөр ашигтай Улаан өндөгний баярын (Easter) амралтын өдрүүдийг бүрдүүлж, тасалбар болон хүнсний борлуулалтаар 106 жилийн рекордыг шинэчлэн тогтоов.
Дөрөвдүгээр сарын 1-нээс 5-ны хооронд үргэлжилсэн тав хоногийн хугацаанд АНУ болон олон улсын ODEON кино театруудаар нийт 6 сая гаруй үзэгч зочилсон нь 2026 оны хамгийн өндөр үзүүлэлт болжээ. “Супер Марио Галакси” кино эхний тав хоногтоо дэлхий даяар 372 сая ам.долларын орлого олж, энэ оны хамгийн амжилттай нээлтээр тодорсон байна.
Киноны дагалдах бүтээгдэхүүнүүд ч үзэгчдийн дунд асар их эрэлттэй байлаа. Тухайлбал, Йоши болон гэрэлтдэг Лумагийн дүрс бүхий попкорны савнууд маш хурдан борлуулагдаж дууссан бөгөөд энэхүү амжилтаараа Тейлор Свифтийн “The Eras Tour” концертын дараах AMC-ийн түүхэн дэх хоёр дахь том борлуулалттай бүтээгдэхүүн болж бүртгэгджээ.
Зөвхөн Марио төдийгүй бусад шинэ кинонууд ч энэхүү амжилтад нөлөөлсөн байна. Үүнд Зендая, Роберт Паттинсон нарын тоглосон “The Drama”, мөн өмнөх долоо хоногуудад нээлтээ хийсэн Райан Гослингийн “Project Hail Mary”, Диснейн “Hoppers” зэрэг кинонууд AMC-ийн орлогыг тогтвортой байлгахад тусалжээ.
Шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээ авсан ч үзэгчид уг киног маш халуун дотноор хүлээн авч байна. Кинонд Крис Прэтт, Аня Тейлор-Жой, Жэк Блэк, Чарли Дэй нар өмнөх дүрдээ эргэн ирсэн бол шинээр Глен Пауэлл, Бри Ларсон, Дональд Гловер нар дуу оруулж, Мариогийн сансар огторгуй дахь шинэ адал явдлыг амилуулжээ.

